
Японы засгийн газар томоохон арлуудаас баруун өмнөд зүгт ойрын өдрүүдэд хүчтэй газар хөдлөлтүүд болж болзошгүй хэмээн анхааруулахын зэрэгцээ олон нийтийг ноцтой гамшиг болно гэсэн үндэслэлгүй таамаглалд итгэхгүй байхыг зөвлөжээ.
Өнгөрсөн баасан гарагт Японы эрх баригчид Кюшю арлын өмнөд үзүүрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбоотойгоор газар хөдлөлтийн голомтын ойролцоох бүс нутгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Кюшю арал дээрх Кагошима мужид 1000 гаруй чичирхийлэл бүртгэгдсэн нь иргэдийг 1999 онд хэвлэгдэн гарсан Рио Тацүкигийн “Миний харсан ирээдүй” манга дээр энэ бямба гарагт Японд томоохон хэмжээний гамшиг болно гэж бичсэн нь бодит амьдрал дээр биелнэ гэж итгэж, айж сандрахад хүргэжээ.
Түүнчлэн Рио Тацүкигийн манга дээр бичсэн үйл явдалтай холбоотойгоор өнгөрсөн 5-р сард Японыг зорьсон Хонгконг аялагчдын тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 11 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Газар хөдлөлт болон цунамигийн үзэгдлийг судалдаг Японы Ус цаг уурын агентлагийн дарга Аяатака Эбита, “Бидний одоогийн шинжлэх ухааны мэдлэгээр газар хөдлөлт хэзээ, хаана, ямар хүчтэй болохыг урьдчилан таахад хүндрэлтэй. Гэхдээ ард иргэдийг шинжлэх ухааны баримт нотолгоон дээр суурилсан дүгнэлт хийхийг зөвлөх байна.” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Япон улс нь газар хөдлөлтийн хамгийн өндөр идэвхтэй бүсэд байрладаг ба 6-гаас дээш магнитудын хүчтэй нийт газар хөдлөлтүүдийн 1/5 нь тус улсад бүртгэгджээ.
Эх сурвалж: Reuters