
Канье Уэстийн Австралийн визийг цуцалжээ
Америкийн реппер Канье Уэст өнгөрсөн 5-р сард нацистуудын удирдагч агсан Адольф Гитлерийг магтсан агуулгатай “Heil Hitler” нэртэй дуугаа нийгмийн сүлжээ болон хөгжмийн платформуудаар дамжуулан цацсантай холбоотойгоор түүний Австрали улсад нэвтрэх визийг цуцалжээ.
Тэрбээр уг дуугаа цацахаасаа өмнө X нийгмийн сүлжээнд “Би Гитлерт хайртай”, “Би бол Наци” гэх мэт еврейчүүдийг үзэн ядсан агуулгатай постууд хийж байсан юм.
Австралийн Дотоод хэргийн сайд Тони Бёрк Канье Уэстийн X нийгмийн сүлжээнд нийтэлсэн постууд түүнийг Австрали улсад нэвтрэхэд нөлөөлөөгүй ч “Heil, Hitler” дуугаа гаргасны дараа албаны хүмүүс зохих хууль журмуудыг судалж, Австралид нацизмыг сурталчлах явдлыг зөвшөөрөхгүй гэж шийдсэн тухай онцолжээ.
Тони Бёрк, “Манайд улс хангалттай олон асуудалтай. Үүн дээр нэг хүнийг тахин шүтэх явдлыг нэммээргүй байна.” хэмээн мэдэгджээ. Австралийн эрх баригчдын мэдээлснээр Австралид Канье Уэстын гэр бүл, ойр дотнын хүмүүс амьдарч байсан бөгөөд тэрээр тус улсад олон жилийн турш асуудалгүй нэвтэрч байжээ. Түүнээс гадна 2022 оны 12-р сард Канье Австрали улсын иргэн, архитектор мэргэжилтэй Бьянка Цензори гэх бүсгүйтэй гэрлэсэн юм.