
Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, П.Батчимэг нарын 9 гишүүн өнөөдөр УИХ-ын даргад Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Хуулийн төсөлд дараах үндсэн гол зохицуулалтыг тусгалаа.
- ”Цахилгаан дугуй”, “Цахилгаан скүүтер” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, жолоодох насны хязгаар, техникийн дээд хурд, явах замыг хуульчлав.
Үүнд:
Төрөл | Зориулалт | Хурд | Жолоодох нас | Явах зам |
Цахилгаан дугуй | · 1 хүн тээвэрлэх,
· Суудалтай, · Цахилгаан хөдөлгүүр болон дөрөө хосолсон |
25 км/цаг-с хэтрэхгүй | 16 нас | Унадаг дугуйн замаар явах, ийм зам байхгүй бол авто замын зорчих хэсгийн баруун гар талын захаар эсхүл явган хүний замаар 10 км/цаг-с хэтрүүлэхгүй хурдтай явна |
Цахилгаан скүүтер | · 1 хүн тээвэрлэх,
· Суудалгүй, · Цахилгаан хөдөлгүүртэй |
25 км/цаг-с хэтрэхгүй | ||
Цахилгаан дугуй /суррон/ | · 1 хүн тээвэрлэх,
· Суудалтай, · Цахилгаан хөдөлгүүртэй |
25 км/цаг-с дээш | 18 нас,
Жолооны үнэмлэхтэй |
Зөвхөн авто замын зорчих хэсгийн баруун гар талын захаар явна. |
- Цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцоход дараах зүйлсийг хориглосон. Үүнд:
- Цахилгаан дугуй, скүүтер унахдаа зорчигч болон ачаа тээвэрлэх;
- Явган хүний гарцаар цахилгаан дугуй, скүүтерийг жолоодож зам хөндлөн гарах;
- Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг жолоодох үедээ гар утас ашиглах;
- Өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) үедээ жолоо барих;
- Явган хүний зам дээр цахилгаан дугуй, скүүтерийг унахдаа явган зорчигчид саад, аюул учруулах;
- Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтерийг зориулалтын зогсоолын байршилд байршуулахгүй орхиж явах;
- Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан нь 16 нас хүрээгүй хүүхдийг цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй.
3.Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага:
Хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон энгийн зөвшөөрлийн үндсэн дээр нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхлэх ба дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
- замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлага, зохих стандартад нийцсэн цахилгаан дугуй, скүүтерээр үйлчилгээ үзүүлэх;
- тухайн нутаг дэвсгэрт эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршилд цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг байршуулах;
- өөрийн эзэмшлийн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг улсын бүртгэлд бүртгүүлэх;
- өөрийн эзэмшлийн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах;
- нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж зэрэг эрх бүхий этгээдээс тогтоосон бүсэд цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн техникийн дээд хурдыг цагт 5 км-ээс хэтрүүлэхгүй хязгаарлах технологийн арга хэмжээ авах;
- 16 нас хүрээгүй хүүхдийг нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх технологийн арга хэмжээ авах;
- нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтерийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх эрсдлийн сан байгуулах, эсхүл тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах зэрэг эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах.
4.Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг ашиглах замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлагыг хуульчлав.
- 0,25 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 25 км хүртэл байх;
- цахилгаан системийн эд анги, түүний дотор батарей нь гал, дэлбэрэлт, цахилгаан гүйдлийн аюул, эрсдлээс хамгаалагдсан байх;
- урд талд цагаан, ар талд улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр талдаа цагаан эсхүл шар өнгийн гэрэл ойлгууртай байх ба бусад тээврийн хэрэгсэлд харагдахуйц байх;
- анхааруулах хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
- үйлдвэрлэгчийн нэр, загвар танигч, дахин давтагдашгүй дугаар, техникийн дээд хурд, хөдөлгүүрийн чадал гэсэн мэдээллийг тусгасан тод, харагдахуйц шошго байрлуулах;
- Энэ хуульд нийцүүлэн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн техникийн үзүүлэлтийг тогтоосон үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн статистик тоон мэдээлэл
Сүүлийн 3 жилд нийт цахилгаан дугуй, скүүтерийн тоо 16 дахин нэмэгдэж, 2022 онд 1050, 2023 онд 8157 байсан бол 2024 онд 16783 болж өсчээ. Мөн “Жэт шэйринг монголиа” ХХК-ийн цахилгаан скүүтерийн аппликэйшинг 120,000 хэрэглэгч татан авсан, өдөрт дунджаар 4500-5000 хүн, “Ви Эм Си Групп” ХХК-ийн скүүтерийн аппликэйшинг 1,100,000 хэрэглэгч татан авсан, өдөрт дунджаар 12,900 хүн, “Эко технологи” ХХК-ийн цахилгаан дугуйн аппликэйшинг 11,150 иргэн татан авсан, өдөрт дунджаар 11,150 хүн тус тус ашиглаж байна. Дээрхээс үзэхэд цаашид нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер тээврийн хэрэгслийн тоо эрс өсөхөөр байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 осол аваар бүртгэгдээд байна. Нийт осол гэмтлийн тохиолдлын 93.8% нь Нийслэл-Улаанбаатар хотод, 6.2% нь орон нутагт бүртгэгдсэн байна. Насны бүлгээр авч үзэхэд нийт тохиолдлын 39.0%-ийг 10-19 насныхан эзэлж байна.
Тухайлбал 2025 оны эхний улирлын байдлаар “Суррон” загварын цахилгаан дугуй унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Нийт осол гэмтлийг шалтгаанаар авч үзэхэд мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдох тохиолдлын тоо 744 буюу 75.5%, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх тохиолдлын тоо 164 буюу 16.6%, явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх тохиолдлын тоо 65 буюу 6.6%, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх тохиолдлын тоо 10 буюу 1.0%, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хөдөлгөөнгүй зүйл мөргөх тохиолдлын тоо 2 буюу 0.2% тус тус эзэлж байна.
Хуулийн төсөл боловсруулах үндэслэл:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт “Монгол улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, 2 дахь хэсэгт “…Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэж, 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “…хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэж тус тус заасан ба үүгээрээ ардчилсан, эрх зүйт нийгэмд хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт хийх тохиолдолд гагцхүү хуулиар зохицуулах ёстой.
Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын хөдөлгөөнд оролцогч этгээд болох “жолооч”, “зорчигч”, “явган зорчигч”-ийн болон иргэний нийтлэг эрх, үүргийг хуульчилсан байна. Тухайлбал, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.”, 13 дугаар зүйлийн 13.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн дараах үүргийг хүлээнэ: 13.2.1.Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;” гэснээс өөр тодорхой үүрэг хуульчлагдаагүй байна.
Тэгвэл Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийн /цаашид “Дүрэм” гэх/ 25-д “Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага” гэх зохицуулалтыг журамласан боловч энэ нь цахилгаан дугуй, скүүтер г.м шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслийн жолоочид хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байна. Ийнхүү дээрх үндэслэл, шаардлага, гадаадын улс орнуудын туршлагыг харгалзан хуулийн төсөлд “цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр жолоодох насны доод хязгаарыг 16 нас байх”, “техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс илүү хурдтай цахилгаан дугуйг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй” байхаар тусгасан.