
Долоохон хоногийн дараа 2025 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган завсарлана. Энэ хэдхэн хоногт их юм болж мэднэ.
“Бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэрээр яг завсарлахын өмнө яаралтай горимоор эсэн бусын хууль батлуулж байсан тохиолдол өмнөх парламентуудын түүхэнд олон бий.
Ер нь жаахан “эвгүй” хуулийн төслийг хэлэлцэхдээ баяр наадам, цагаан сарын өмнө эсвэл шөнөөр баталчихдаг нь Монголын үе үеийн парламентад гэм биш зан болжээ.
Сая л гэхэд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцорч дараа дараагийн томилгоонууд шөнө дөлөөр иргэд нийтийг унтаж байхад явагдлаа.
Харин энэ удаад хаврын ээлжит чуулган завсарлахаас өмнө 2025 оны төсвийн тодотголыг батлах ёстой. Мөн УИХ-ын дэгийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуулийн төсөл зэрэг бий.
Энэхүү хуулийн төслүүд батлагдахаас гадна баяр наадам дөхөж буй энэ өдрүүдэд чуулган хаахаас өмнө, хуваарьт бус өдрөө өөр ямар нэгэн хуулийн төсөл гэнэтийн байдлаар оруулж ирэх магадлал өндөр. Угаасаа сурсан занг сураар боож болох биш.
ХАРДЛАГА:
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, “Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын түр хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Мэдээж энэ асуудлыг УИХ батлах учиртай. Тэгэхээр энэ лав наадмаас өмнө орж ирэх болов уу.
Энэхүү хэлэлцээрээр ЕАЭЗХ-ны гишүүн орон болох ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армени улсуудад гаалийн татваргүй 367 төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой болно.
Тухайлбал, дизель түлш, керосин, мазут, тослох материалын гаалийн 5 хувийн албан татварыг тэглэнэ.
Түүнчлэн тамхи гаалийн татваргүй орж ирэх эсэх нь анхаарал татаж байсан бол тамхины биет хэмжээг нэмэхгүй байх, гаалийн татварыг Онцгой албан татвараар нөхөн тооцуулахаар шийдвэрлэсэн байгаа юм.
Мөн энэ тэглэгдэх татваруудад улаанбуудай зэрэг олон төрлийн бараа бий. Гол нь иргэдийн дургүйцэж байгаа нь ОХУ, цаашлаад үндэсний үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн туугдан гарах вий гэсэн санаа зовнил байна.
Ямартай ч манай улс бол парламентын засаглалтай. Тийм ч учраас энэ засаглалын хэлбэрээ улам бэхжүүлэх, хүндэтгэлтэй хандах учиртай. Гэхдээ ард түмнээс сонгогдсон, ард түмний эрх ашгийг хамгаалах учиртай УИХ наадам, цагаан сарын өмнө болон шөнө дөлөөр хууль баталдаг, томилгоо явуулдаг энэ башир аргыг өнөөгийн 126 гишүүнтэй парламент залгамжлах учиргүй.