
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.
Шигшээ багийн тамирчин охидтой цөөн хором ярилцсанаа хүргэж байна

О.Хулан: Бид “Битүү морь” гэдгээ харуулан том багуудыг хожсондоо өөрсдөө ч итгээгүй


АНУ-ын баг бол яахын аргагүй дэлхийн шилдгүүд цугласан баг. Тэд өрсөлдөгч нараа дандаа басаж, басамжилж тоглодог. Яг тэр талыг нь бид давуу байдал болгож, тоглолтууддаа ашигласан.
Монголчууд, Монголын шигшээ багийн охид “Битүү морь” гэдгээ харуулан, Дэлхий болон Европын супер багуудыг ээлж дараалан хожиж, ялалт байгуулсандаа маш их баяртай байгаа.
Бид ялалт байгуулсандаа өөрсдөө ч итгэж өгөхгүй, одоо хүртэл яг л зүүт мэт шокийн байдалтай л байна.
Төрийн ийм том шагнал авч буйдаа баяртай байна. Гэхдээ сагсан бөмбөгийн спортод зөв үлгэр дуурайлал авч, хүндэлж явдаг Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн ах нараасаа түрүүлж ийм эрхэм хүндтэй цол авсандаа жаахан санаа зовж бас ичиж байна. Тун удахгүй ах нар маань ийм том шагнал аваад гавьяатынхаа найрыг хамтдаа тэмдэглэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.


М.Цэрэнлхам: Стив Сөр дасгалжуулагчдаа маш их баярлалаа гэж хэлье
2025 онд ДАШТ-д гурван жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. Шигшээ багийн ахлагчийн хувьд маш өндөр үүрэг хариуцлага надад оногдсон байлаа.
Хамгийн гол нь дасгалжуулагчийн багтаа буюу манай багийн ахлах дасгалжуулагч Стив Сөр коачдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бидний ард бүх зүйлийг зааж зөвлөн, тоглолтын арга барил, тактик, ур чадварыг ахихад тэр хүний түшиц, нөлөө их бий.
Мөн Монголын ард түмэн байсан болохоор бид нар өнөөдөр энэ амжилтыг гаргаж чадлаа. Иймээс Монголын ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Спорт гэдэг бол хөгжөөн дэмжигч, фанатгүй бол төсөөлөхөд бэрх. Ялалт, ялагдал бүхэнтэй минь хамт байдаг үзэгч, хөгжөөн дэмжигчиддээ маш их баярлалаа.


Б.Ариунцэцэг: Ээж маань сагсан бөмбөгчин учраас надад маш том түлхэц, нөлөө үзүүлсэн
Одоо хүртэл ийм том нэр хүндтэй цолоор шагнуулсандаа итгэж өгөхгүй чичирсээр л байна. Яг л зүүд мэт санагдаж байна.
Аав, ээж хоёр маань намайг бүх л цаг үед дэмжиж ирсэн. Ээж маань сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. Тиймээс ч надад энэ спортод амжилт гаргахад гол түлхэц, эерэг нөлөө үзүүлсэн чухал хүн. Гэр бүлийнхэндээ маш их баярлаж, талархаж явдгаа илэрхийлмээр байна.
Монголын Сагсан бөмбөгийн холбооны хамт олон, дасгалжуулагч нарын баг, арын албаныхандаа маш их баярлалаа.


Н.Нандинхүсэл: Шигшээ багтаа нэгдсэнээс хойш анхны Олон улсын тэмцээн тэр дотроо Монголын шигшээ багийн оргил амжилтаар хамтдаа медаль хүртсэндээ баяртай байна
Өнөөдөр Төрийн шагнал хүртэж буйдаа маш их баяртай байна. Өнөөдөр энэ хэмжээнд хүрнэ гэж мөрөөддөг байлаа. Одоо ч итгэж өгөхгүй л байна.
9 настайгаас сагсан бөмбөгөөр тоглож эхэлсэн. Яг шигшээ багт нэгдэж ороод сүүлийн 3 жил болж буй. Миний хамгийн анхны Олон улсын медаль бол шигшээ багийн хамгийн том оргил амжилтын нэг байсанд маш их сэтгэл догдолж, гоё байна.
Бидний хамгийн том зорилго бол “Лос Анжелес-2028” зуны олимпын наадам. Энэ олимпт оролцоход Монголын Сагсан бөмбөгийн холбооны хамт олон, мөн багаараа, бүгдээрээ сайтар бэлдээд оролцоно.
Миний хувьд АНУ-д дунд сургуулиа төгсөөд эх орондоо ирсэн. Надад энэ оны 03 дугаар сард Флоридагийн их сургуулиас тэтгэлэгт санал ирсэн байсан. Үүнд маш их баяртай байгаа. Миний хувьд NCAA-гийн 1 дүгээр дивизонд орох мөрөөдөл бий
Шууд дамжуулалт ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: