
Даваа гарагт /2025.06.30/ ОХУ-ын Новосибирск хотын шүүх өөрийгөө Есүс Христийн хойд дүр хэмээн зарладаг шашны гаж урсгалын тэргүүн Сергей Торопт 12 жилийн хорих ял оноожээ. Өөрийнх нь гаж урсгалд орсон хүмүүст бие болон сэтгэл зүйн хохирол учруулсан хэмээн буруутгаж ялласан байна.
Тэрбээр 1991 онд илчлэлт хүлээн авсан гэж мэдэгдсэнийхээ дараа Эцсийн гэрээний сүмийг байгуулжээ. Үүнээс хойш Тороп Сибирийн алслагдсан бүс нутгуудад олон мянган дагалдагчтай болсон юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхий прокурорын газар Тороп болон түүний хоёр хамтрагч сүмийн гишүүдийнхээ иргэний эрхийг зөрчиж, бие махбодод гэмтэл учруулсан хэрэгт буруутай гэж үзжээ.
Прокурорууд Торопыг 1991-2020 оны хооронд гишүүдийнхээ хөдөлмөрийг мөлжиж, мөнгийг нь авч байсан гэж буруутгасан юм. Үүний улмаас зургаан хүн эрүүл мэндийн ноцтой асуудалтай болж, 16 хүнд ёс суртахууны хохирол учирсан гэж прокурорууд мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times