
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Тус наадмын нээлт, хаалтын ажиллагааг МУГЖ Н.Наранбаатар ерөнхий найруулагчаар хариуцан ажиллаж байгаа бол хүндэтгэлийн концертыг МУГЖ Д.Баярбаатар найруулж байна.
2025 оны Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааны тасалбарууд маргааш буюу долдугаар сарын 2-ны өглөөний 07:00 цагаас enaadam.mn болон ticket.mn сайтуудаар худалдаалагдаж эхэлнэ. Тасалбарын үнэ суудлын байршлаас шалтгаалан 100,000₮, 130,000₮, 150,000₮-ийн үнэтэй байх юм.
Түүнчлэн баяр наадмын нээлтийн тоглолт тухайн орой дахин тоглогдох бөгөөд энэхүү тоглолтын тасалбарын үнэ 80,000₮ байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар: “Энэ жилийн баяр наадамд нийт 512 бөх барилдахаар болж байгаа бөгөөд барилдаанд оролцох бөхчүүдийн бүртгэл долдугаар сарын 9-нөөс эхэлнэ. Барилдаанд амжилттай оролцож шөвгөрсөн 32 бөх, мөн шилдэг 16 сур харваач нарыг допингийн шинжилгээнд хамрагдуулах бөгөөд шинжилгээний хариуг аль болох хурдан хугацаанд гаргах талаар хариуцсан байгууллагууд ажиллаж байгаа. Мөн баяр наадмын барилдаан болох талбайн хиймэл зүлгийг шинэчлэх ажлыг Нийслэлийн ЗГТГ маань тохижолт, үйлчилгээний хүрээнд хэрэгжүүлсэн. Шинэчлэгдсэн зүлгийг туршихын тулд салбар хорооноос тодорхой тооны бөхчүүдийг оролцуулан туршилт хийсэн” гэв.
Харин туршилтад оролцсон бөхчүүдийн зүгээс “Өмнөх хувилбараасаа илүү сайжирсан байна. Мэдээж, бороотой үед гулгаа, халтиргаа үүсэх эрсдэлтэй. Тиймээс энэ нөхцөлд тааруулан бэлтгэлээ базааж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн билээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өгч буй мэдээллийн шууд дамжуулалтыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: