
Орхон, Сүхбаатар, Говьсүмбэр аймгууд үерийн эрсдэл өндөр байна
Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас гаргасан үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр улсын хэмжээнд их болон маш их эрсдэлтэй бүс нутгийн тоо нэмэгдсэн байна.
Тодруулбал, 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд ангилагдсан байна. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий зэрэг 16 аймаг дунд эрсдэлтэй, Дорнод, Архангай аймгууд бага эрсдэлтэй байгаа ажээ.
Мөн 330 сумаас:
- Маш их эрсдэлтэй – 19 сум
- Их эрсдэлтэй – 30 сум
- Дунд эрсдэлтэй – 159 сум
- Бага эрсдэлтэй – 94 сум
- Маш бага эрсдэлтэй – 28 сум байна.
Үерийн эрсдэлийн “маш их” болон “их” түвшинд багтсан 49 сумд 137.740 өрх буюу маш олон иргэн үерт өртөх эрсдэлтэй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр, сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай 1212 аюулт үзэгдэл бүртгэгдсэнээс 41.3 хувь нь аадар бороо, үертэй холбоотой байжээ.
Цаашид иргэд өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг албаныхан зөвлөж байна.