
Испанийн Эль Гранадо хотод өнгөрсөн бямба гарагт агаарын хэм цельсийн +46 хэмд хүрч, рекорд тогтоожээ. Испанийн цаг уурын албаны мэдээллээр энэ оны 6-р сар нь тус улсын түүхэн дэх хамгийн халуун 6-р сар болох өндөр магадлалтай байгаа аж.
Португал, Итали, Хорват, Испани, Франц, Австри, Бельги, Босни Херцеговин, Унгар, Серб, Словени, Швейцар зэрэг улс орнуудын бүс нутгуудад хэт халалтын үзэгдэл аюулын хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Барселона хотод хот тохижилт үйлчилгээний ажилтан эмэгтэй өнгөрсөн бямба гарагт гудамж талбайн хогийг шүүрдэх ажлаа дуусгасныхаа дараа нас барсан байна. Хууль сахиулагчид эмэгтэйн үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Италид түргэн тусламжийн төвүүдэд наршилттай холбоотой дуудлагууд нэмэгджээ. Наршилтад хөгшин настай хүмүүс, хавдрын өвчлөлттэй, гэр оронгүй хүмүүс ихээр өртөж байгаа аж.
Неаполийн эмнэлгүүд наршсан хүмүүсийг хүлээн авч, тэдгээрт шаардлагатай эмчилгээ үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зохицуулалтыг хийжээ.
Болонья хотын удирдлагууд иргэдийг эйр кондишн, ундны цэвэр усаар хангах хэт халалтаас хорогдох 7 байрыг байгуулсан байна.
Балканы орнуудад агаарын хэм зарим газраа +40 хэмд хүрчээ. Сербид түүхэн дэх хамгийн халуун өдөр нь тохиож, Словенид өнгөрсөн бямба гарагт 6-р сарын хамгийн халуун өдөр бүртгэгджээ. Хойд Македонид өнгөрсөн баасан гарагт агаарын хэм +42 хэмд хүрсэн байна.
Эх сурвалж: BBC