
2025 оны хагас жилийн байдлаар гадаад жуулчдын тоо 241 мянга давж, өнгөрсөн оноос 24%-иар өсжээ
Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, дэлхийн жуулчдад хаалгаа дэлгэн урьсан. Энэ хугацаанд Монголын аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, жуулчдын урсгал тасралтгүй нэмэгдэж байна.
Соёл, спорт, залуучууд, аялал жуулчлалын яамны мэдээлснээр, 2025 оны зургаадугаар сарын эцсийн байдлаар гадаад жуулчдын тоо 241,731 хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24%-ийн өсөлттэй үзүүлэлттэй байна.
“Welcome to Mongolia”-гаас “Go Mongolia”-г хүртэл
2023 онд эхэлсэн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд эхний уриа үг “Welcome to Mongolia” байсан бол 2024 онд илүү эрч хүчтэй, орчин үеийн өнгө аястай “MonGOlia, Always Moving” брэндийг нэвтрүүлсэн нь олон улсад өндөр анхаарал татаж, Монголыг зорих шалтгааныг нэмэгдүүлсэн. Энэхүү брэнд нь “Go Mongolia” гэх товчилсон хэлбэрээр өргөн танигдаж, 2025 онд улам тэлэх зорилт тавьсан байна.
Үндэсний брэндийн хүрээнд хэрэгжих арга хэмжээнүүд
“Go Mongolia” брэндийг олон улсад тогтвортой хөгжүүлэх, танилцуулах зорилгоор дараах гол ажлуудыг хэрэгжүүлж байна:
- Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийг дэлхий дахинаа танилцуулах
- Сурталчилгааны стратегийг шинэчлэх, илүү үр дүнтэй болгох
- Олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах
- Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах
- Монголын аялал жуулчлалын үнэ цэнэ, чанарыг олон улсын зэрэглэлд тогтоолгох
Эдгээр ажлын үр дүнд Монгол Улс зөвхөн үзэсгэлэнт байгалиараа бус, мөн найрсаг үйлчилгээ, соёлын өв, адал явдалт аяллын шинэ чиглэл зэргээрээ ч дэлхийн жуулчдын сонирхлыг татаж байна.
“Бүргэдийн баяр” зэрэг уламжлалт эвентүүд нь жуулчдын сэтгэл ханамжийг ихээр нэмэгдүүлж буй. 2024 онд болсон Бүргэдийн баярын үеэр хийсэн судалгаанд оролцсон гадаад жуулчдын 75.9% нь эвентийг “маш сайн, өндөр сэтгэл ханамжтай” гэж дүгнэжээ. Тэдний зүгээс цаг агаар, соёл урлагийн хөтөлбөр, үндэсний бөх, морин спорт зэрэг нь хамгийн их сонирхол татсан зүйл хэмээн онцолсон байна.
Мэдээж, эвентийн үеэр гадаад хэл дээрх мэдээллийн хомсдол, тасалбарын системийн хүндрэл зэрэг зарим асуудал гарсан ч, судалгаанд оролцогчдын олонх нь “найз нөхөдтэйгөө хөгжилтэй, мартагдашгүй дурсамж бүтээсэн” гэж хариулсан нь эерэг хандлагыг илтгэнэ.
2025 оны Монголд ирсэн зарим жуулчдын сэтгэгдэл, дурсамжаас онцлон хүргэж байна
Жуулчин 1: Би Германаас ирсэн математикийн багш. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсад мэргэжлээрээ багшлахаар ирсэн юм. Ирэх үед Монголд маш хүйтэн байсан. Манай улсад ч өвөлдөө хүйтэн байдаг ч нар ховор гардаг болохоор тэр нь ойлгомжтой. Харин Монголд нарлаг хэр нь огцом хүйтэн цаг агаар үнэхээр сонирхолтой санагдсан.
Монгол хэл сурахад их хэцүү байсан ч одоогоор “Сайн байна уу”, “Баярлалаа” гэх мэт энгийн үг, хэллэгүүдийг л сурсан. Монголд ирээд анзаарагдсан хамгийн эхний зүйл бол замын түгжрэл байлаа. Германтай харьцуулахад Монголын цаг агаар илүү хуурай ч олон зүйлс нь надад танил мэт, ижилхэн санагдсан.
Хоолны тухайд, би цагаан хоолтон учраас уламжлалт монгол хоол бараг иддэггүй. Монголд цагаан хоолтнуудад амаргүй ч цөөн хэдэн веган/цагаан хоолны газрууд байдаг бөгөөд тэндээс хоолоо иддэг.
Монголд өнгөрүүлсэн хугацаа надад маш үнэ цэнтэй байсан. Би ирэх нэг дэх өдөр буцна, гэхдээ дахин эргэж ирэхээ мэдэж байна. Учир нь энэ хугацаанд би олон сайхан найзуудтай болсон бөгөөд тэдэнтэйгээ дахин уулзахаар эргэж ирэхийг хүсэж байна.
Жуулчин 2: Өчигдөр шөнө дунд Монголд газардсан даруйдаа адал явдлаар дүүрэн аялал эхэлсэн. Гурван долоо хоногийн хугацаанд суралцахаар төлөвлөсөн бөгөөд энэ хугацаандаа Хархорин, Хустайн байгалийн цогцолбор газруудтай танилцаж, аяллаа Говийн уудам нутгаар үргэлжлүүлэх бодолтой.
Наадмын үеэр Монголд таарсан нь жинхэнэ завшаан гэж бодож байна. Тэр дундаа нум сум харвах үзүүлбэрийг үзэхийг хамгийн их догдлон хүлээж сууна.
Хэдийгээр ирээд дөнгөж нэг хоног өнгөрч байгаа ч Монгол орны байгаль, уур амьсгал, уудам орон зай сэтгэлд маш их хүрсэн. Байгалийн гоо үзэсгэлэн, зэрлэг ан амьтан, сүрлэг уулс, морь унах туршлага зэргийг эрэлхийлж энэ улсыг сонгосон нь зөв сонголт байжээ.
Хотын төвөөс холдмогц онгон дагшин байгаль угтан авсан нь сэтгэлд хоногшихуйц мэдрэмж төрүүлсэн.
Мөн монголчуудын уламжлалт хоолыг заавал амсаж үзэхийг хүсэж байгаа. Ялангуяа халуун чулуугаар болгож хийдэг, өвөрмөц үнэр амттай хорхог гэдэг хоолыг амсахаар тэсэн ядан хүлээж сууна.
Жуулчин 3: Би Оросоос ирсэн бөгөөд Монголд анх удаагаа ирж байна. “FIBA 3X3 WORLD CUP” тэмцээн болж байхад нь таарч ирсэндээ баяртай байна. Монголд долоо хоног байх төлөвлөгөөтэй бөгөөд энэ хугацаанд гол горхи, байгалийн үзэсгэлэнт газар орчмоор аялахыг хүсэж байна.
Монголын хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй, дулаахан хандлагатай санагдсан. Орос, Монгол хоёр орон олон зүйл дээр хоорондоо төстэй ч, өөр улс орны хувьд түүх, соёл, зан заншлын ялгаа мэдээж байдаг. Энэ ялгааг мэдэрч, шинэ соёлтой танилцаж байгаадаа би их баяртай байна.
Жуулчин 4: Би Грекийн иргэн ч Орос улсад амьдардаг. Монголд ирээд хэдхэн хонож байгаа ч нийтдээ 15 хоногийн хугацаатай аялахаар төлөвлөсөн. Энэ удаад зөвхөн Улаанбаатар хотод байхаар төлөвлөсөн бөгөөд нийслэл хотын үзэсгэлэнт газруудаар аялж, соёлыг нь мэдрэхийг хүсэж байна.
Монголын Үндэсний их баяр наадмын тухай өмнө нь сонсож байсан. Жил бүрийн долоодугаар сарын дунд үед болдог гэж дуулсан ч харамсалтай нь би тухайн үед Монголд байхгүй тул наадмыг үзэж амжихгүй нь. Гэсэн ч монгол ахуй, соёлтой ойр байж, өдөр тутмын амьдралыг нь мэдрэх нь өөрөө сонирхолтой туршлага боллоо.
Миний хамгийн дуртай монгол хоол бол бууз. ОХУ-д амьдардаг байхдаа ч байнга иддэг байсан, энд ирээд ч бас амтархан зооглосон. Монголд өмнө нь ирж байсан туршлага маань энэ удаагийн аяллыг улам дотно, дулаан болгож байна.
Б.Хүслэн