Наадмын тасалбарыг 100-150 мянган төгрөгөөр онлайнаар борлуулна

Далхжавын Лхасүрэн нь Хэнтий аймгийн Норовлин суманд 1928 онд төрссөн. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын “Урлагийн Гавьяат Зүтгэлтэн” цолоор шагнуулсан. Тэрээр 1947 онд Улаанбаатарт урлагийн сургуулийг, 1958 онд Зөвлөлт Холбоот Улсын нийслэл Москва хотод А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуулийг төгсөж Балетмейстер мэргэжил эзэмшсэн аж. Манай улсын анхны балетмейстер Д.Лхасүрэн нь 1947 оноос Улсын Хөгжимт Драмын Театрт бүжигчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлж Ховд, Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театр, 1963 оноос Улсын Драмын театр, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга, Улсын цирк, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт найруулагч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, даргаар ажиллаж байв.

Ардын үлгэрээс сэдэвлэж “Ганхуяг” хэмээх балетын цомнолыг өөрөө зохиож, Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагаар хөгжмийг нь зохиолгож найруулан тоглуулсан нь манай анхны томоохон балет болсон байна. Түүнээс хойш “Мөнхийн нөхөрлөл”, “Шуурга” зэрэг богино хэмжээний балет найруулан тоглуулжээ. Д.Лхасүрэн нь дадлага туршлага суусан хойноо В.Мураделийн “|Октябрь”, А.Бородины “Игорь ван”, Ш.Гуногийн “Фауст”, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Д.Лувсаншаравын “Хан бүргэд”, Л.Мөрдоржийн “Жаргал” зэрэг сонгодог болон үндэсний 20-иод дуурь, балетыг найруулан Дуурь Бүжгийн Академик Театрын тайзнаа тоглуулжээ. Говь-Алтай, Булган, Хэнтий, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ аймгийн соёл урлагийн 10 хоногийн тоглолтуудыг удирдан явуулснаас гадна олон арван томоохон концертыг найруулсан байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байв.



