
Грекийн хууль сахиулагчид Хиос арал дээр гарсан ой хээрийн түймрүүдийн нэгийг санамсаргүй байдлаар эхлүүлсэн Гүрж улсын иргэнийг баривчилжээ.
Грекийн чинээлэг гэр бүлүүд амьдардаг Хиос арал дээр үйлчлэгчээр ажилладаг Гүрж улсаас гаралтай нэгэн эмэгтэй тамхины ишээ ил задгай хаяснаас болж ой хээрийн түймэр гарсан нь тогтоогдоод байгаа ба түүнийг шүүх хурал энэ пүрэв гарагт болох аж.
Грекийн эрх баригчдын мэдээлснээр тухайн эмэгтэй үйлдэл дээрээ баригдсан ба эмэгтэй хэргийн газарт ирсэн гал сөнөөгчдөд хаясан тамхины иш нь түймэр эхлүүлсэн болохыг мэдүүлжээ. Түүнээс гадна уг хэрэг явдлыг харсан гэрчүүд ч байгаа аж.
Өнгөрсөн ням гарагаас хойш Грекийн Хиос арал дээр гарсан ой хээрийн түймрүүдийг унтраахаар 400 гаруй гал сөнөөгчид, олон зуун сайн дурынхан ажилласаар байна.
Түймэр арлын өөр өөр хэсэгт нэгэн зэрэг гарсан нь түймрийг санаатайгаар эхлүүлсэн байж болзошгүй гэж сэжиглэхэд хүргэж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ой хээрийн түймэрт 40 мянган га талбай өртжээ.
Хэт халалт болон хуурайшилтын улмаас Грект сүүлийн жилүүдэд ой хээрийн түймэр гарах явдал нэмэгдсэн ба үүнтэй холбоотойгоор Грекийн засгийн газар түймэр тавьсан, байгаль орчин сүйтгэсэн хэрэгт буруутай этгээдүүдэд оногдуулах шийтгэлийг чангатгажээ. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэл 20 хүртэлх жилийн хорих ял, 200 мянган еврогийн торгууль ноогдуулахаар заажээ.
Ирэх өдрүүдэд тус улсад агаарын хэм цельсийн +40 хэмд хүрэх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: theguardian.com