
Засгийн газар өнөөдөр /2025.06.25/ хуралдаж төсвийн тодотголын талаар хэлэлцсэн. Тус хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хүргүүлсэн юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
“Улаанбурханы халдварын голомтыг хумих, нөхөн вакцин хийх гэх мэт ажлуудыг эхлүүлэхээр Засгийн Газрын нөөц хөрөнгөөс 5 тэрбум төгрөг гарах шийдвэр гаргалаа. Ингэснээр бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг 2 үе шаттайгаар нөхөн вакцинжуулалт хийх байна. Халдварын голомтод өртсөн хүмүүст наснаас үл харгалзан яаралтай вакцин хийнэ. Наадам болох гэж байгаа тул түүнээс урьдан халдварлалтын айдасгүй оролцохын тулд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ вакцин хийлгэсэн эсэхийг мэдэж хийлгээгүй бол нөхөн вакцинаа хийлгээрэй. 10-15 насны хүүхдүүд вакцин хийлгэсэн ч дархлаа суларсан байгаа учир дахин хийлгэхэд аюултай зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Улсын наадам 7-10 хоног үргэлжилнэ. Энэ үед олуулаа цуглахад халдвар авахад далд үе 10-15 хоног байдаг учир 7 сарын 28-аас эхлэн өвчлөлийн тоо нэмэгдэх эрсдэлтэй. Ийм учир Засгийн Газраас ялангуяа Ерөнхий сайдын манлайлал дор бид Онцгой комиссын хуралдааныг хийсэн. Үүгээрээ дамжуулан хийх ажлуудаа төлөвлөөд Эрүүл Мэндийн Яамны харьяа байгууллагууддаа үүрэг чиглэл өгч эрчимжүүлсэн бэлэн байдал зарласан. Мөн Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар хамтран вакцины эсрэг худал мэдээлэл тархааж байгаа асуудалд хатуу арга хэмжээ авах Зөрчлийн хуулиар эл үйлдлүүдийг нь зогсоох талаар зохицуулалт хийж буй. Одоогоор бид 7 сайхан хүүхдээ алдчихсан. Гэтэл вакциныг эсэргүүцээд мэдэмхийрдэг улсууд энэ хүүхдүүдийн амь насны хариуцлагыг хүлээж чадах уу? Хамгаалах боломжтой байтал түүнийг нь хийлгэхгүйгээр эндэнэ гэдэг бол үнэхээр харамсалтай. Улаанбурханы эсрэг хэрэглэж буй вакцин Монгол Улсад 1973 оноос хойш хэрэглэж байгаа. Ковид цар тахлын дараах Файзер шиг шинэ технологиор хийсэн вакцин биш. Хүний биед аюулгүй вакцин гэдгийг хариуцлагатай хэлье” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс үзнэ үү.