
Сүүлийн өдрүүдэд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXIV их хурлын зохион байгуулалт, төлөөлөгчдийн сонголт, нэр дэвшигчдэд тавьж буй шалгуур зэрэгтэй холбоотойгоор иргэд, эвлэлийн гишүүд, зарим байгууллагуудаас шүүмжлэл, санал хүсэлт гаргасан. Ялангуяа гишүүдийн шууд оролцоог хангах, дээд удирдлагад нэр дэвших болзлын талаар олон ургалч байр сууриуд илэрхийлэгдэж, зарим нь уг дүрмийн шаардлагыг хязгаарлалт гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлөөс 2025 оны 6 дугаар сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийж, Их хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалт, дүрмийн төслөөр хэлэлцэх асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус мэдэгдэлд, холбооны албан ёсны байр суурь, иргэдийн тавьж буй шаардлагад хариу өгөх байдлаар дараах гол агуулгуудыг онцолсон юм.
МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал:
“Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн намууд, ТББ-ууд бүгд их хурлаа хийхдээ бүх гишүүдээ нэг дор оролцуулдаггүй. 20 мянган гишүүнийг нэгэн зэрэг хамарсан хурал зохион байгуулах боломжгүй. Тиймээс бид төлөөллийн зарчмыг баримталж, дүрмийн дагуу төлөөлөгчдөө сонгон оролцуулж байна. Үйлдвэрчний эвлэлийн дээд удирдлагад нэр дэвшихийн тулд тухайн хүн салбар гишүүн байгууллагад 4 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх ёстой гэж дүрэмд заасан. Учир нь МҮЭ-ийн холбоо 200 мянган гишүүн, 1.2 сая хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг, хамгаалалтыг шийдвэрлэх байгууллага учраас удирдлагад тодорхой шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Гэхдээ олон ургалч үзлийг бид хүндэтгэж байна. Шаардлага тавьж буй хүмүүсийн саналыг дүрмийн төсөлд тусгасан. Энэ удаагийн их хурлаар удирдлага гишүүдээсээ шууд сонгогдох уу, эсвэл шалгуур хангасан байх ёстой юу гэдгийг эцэслэн шийдвэрлэнэ. Орон нутгийн төлөөлөгчид бүгд ирсэн. Маргааш буюу 6-р сарын 25-ны өглөө 09:00 цагт Соёлын төв ордонд XXIV их хурал эхэлнэ. Энэ удаагийн их хурал нэгдмэл зохион байгуулалттай, эв эеийг эрхэмлэсэн, ялгаварлан гадуурхалтаас ангид, асуудлаа олон талаас нь хэлэлцэж, нухацтай шийдвэрүүдийг гаргах хурал болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.