
Өнгөрсөн бямба гарагт Италийн Флоренция хотод байрлах Уффици уран зургийн галерейгээр үйлчлүүлж байсан эрэгтэй 1695-1700 онд Антон Доменико Габбианигийн зурсан Тосканы гүн Фердинандо де Медичигийн хөргийн өмнө зогсож зургаа авхуулах гэж байгаад санамсаргүй байдлаар зургийг гэмтээсэн байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тосканы гүн Фердинандо де Медичигийн хөрөг зураг бага зэрэг цоорсон байгааг харуулсан гэрэл зургийг, музейн хяналтын камерын бичлэгийн хамт нийтэлжээ. Галерейн удирдлагууд тус уран зургийг засаж янзлахаар үзүүлэнгээс түр авсан байгаа ба зургийг засахад урт хугацаа орохгүй гэжээ. Болсон явдалтай холбогдуулан Уффици уран зургийн галерейн захирал Симоне Верде галерейд зөвхөн meme бүтээх гэж эсвэл сэлфи авч, нийгмийн сүлжээнд нийтлэх гэж ирдэг үйлчлүүлэгчдийг буруушаажээ.
Түүнчлэн өнгөрсөн 4-р сард Нидерландын Роттердам дахь музейд байсан 50 сая еврогийн үнэ бүхий Америкийн алдар уран зураач Марк Роткогийн уран зургийг хүүхэд гэмтээсэн хэрэг гарсан билээ.
Эх сурвалж: corrierefiorentino.corriere.it