
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүүхдүүд болох Эрик болон Доналд Трамп Жүниор нарын удирддаг Trump Organization компани харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх Trump Mobile компанийг шинээр байгуулж буйгаа зарлажээ. Trump Mobile компани хэрэглэгчдэд сарын 47.45 ам.долларын багцыг санал болгож байгаа ба үүнд сүлжээ харгалзахгүй хязгааргүй яриа, мессеж, интернэт дата, дэлхийн 100 гаруй улс руу үнэгүй ярих эрх зэрэг дагалдах аж.
Үүнээс гадна Trump Mobile компани ойрын ирээдүйд 100 хувь АНУ-д угсарч, үйлдвэрлэсэн T1 Phone ухаалаг гар утас худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Уг гар утас нь Android 15 үйлдлийн системээр ажиллах ба худалдаанд байгаа ухаалаг гар утаснуудын адил хурууны хээ, нүүр царай таних технологитой байх аж. Тус компанийн зүгээс олон нийтэд танилцуулсан анхны загвар нь ар талдаа АНУ-ын далбаатай, алтан корпустай бөгөөд гар утас нь 499 ам.доллароор борлуулагдана гэжээ.
Нөгөө талд мэргэжилтнүүд АНУ-д ухаалаг гар утсыг тэгээс нь эхлэн угсарч, үйлдвэрлэх хүчин чадал одоогоор байхгүйг онцолж байна. Гар утсыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр угсарлаа гэхэд үйлдвэрлэгч нь бусад улс орнуудаас импортолсон сэлбэг, тоног төхөөрөмжийг ашиглах нь гарцаагүй гэжээ.
Эх сурвалж:meduza.io