
Прага хотын Дивчи Храды нэртэй газарт энэ жил төрсөн тахийн дөрвөн унаганы нэрийг албан ёсоор танилцууллаа.
Унаганд нэр өгөх аяныг монголчуудын дунд зарласан ба энэ нь цаанаа гүн гүнзгий бэлгэдлийг агуулжээ. Эхнийх нь энэ онд төрсөн анхны тахийн унаганд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх БНЧУ-д хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын Амьтны хүрээлэнд зочлохдоо нэр өгсөн билээ.
Дараах нь тахь сэргээн нутагшуулах шинэ төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа Дорнод Монголын Сүмийн хоолой гэх газарт 3-4 жилийн дараа нас бие гүйцсэн унагануудаа бэлчиж байгааг харах, хараад зогсохгүй хэрэгжүүлэхийн төлөө хамаг хүчээ дайчлан ажиллах бидний хүсэл зорилгыг бэлгэдэж буй. Тахийн унагануудад дараах нэрсийг өгчээ.
- Охин унаганд өргөн уудам, элбэг, олон төлийн эх болохыг бэлгэдэж Дэлгэрмаа,
- Эр унаганууддаа халдашгүй утгыг бэлгэдэж Дархан, ариун утгыг бэлгэдэж Дагшин, хамаг, даяар утгыг бэлгэдэн Даян нэрийг тус тус өгчээ.
Мөн монголчууд болон Монголын нийгэмд танигдсан, олны танил хүмүүс тус аянд оролцож нэрийн санал ирүүлснийг дурдахад таатай байна хэмээн Прага хотын амьтны хүрээлэнгийн захиргаанаас цахимаар захидал илгээжээ.