
АН-ын бүлэг өнөөдөр /2025.06.16/ хуралдсан. Тэд хуралдаанаараа Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьж буй шаардлагуудаа танилцууллаа.
АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан “Шинээр томилогдсон Ерөнхий сайд баасан гарагийн өглөө Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирнэ. Тэгээд өнөөдрөөс төсвийн тодотгол оруулж ирээд, ажилдаа орно гэж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт чуулганы танхимд хэлсэн боловч одоогоор МАН-ын бүлэг хуралдаагүй, Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн мэдүүлээгүй байна.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг яаралтай өргөн мэдүүлж, бодлогын тодорхой асуудлууд дээр яаралтай ажиллах шаардлага байна. АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлагыг хүргүүлэхээр боллоо.
- Нэгдүгээрт, Яам болон сайд нарын тоог 50 хувиар бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиар бууруулах, төрийн албаны мэргэшсэн тогтвортой нөхцөлийг хадгалж, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох.
- Хоёрдугаарт, Төрийн өмчит ААН-үүдийг олон нийтийн нээлттэй хувьцаатай компани болгож, орон тоог хоёр дахин бууруулж, үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх.
- Гуравдугаарт, Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан хувийн хэвшилд ногдох татварыг 20 хувиар бууруулах. 2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох.
- Дөрөвдүгээрт, Төсвийн тодотголоор зардлыг 20 хувиар танаж, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогоор дотоодын ААН-үүдийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах, мега төслүүдийг эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлж, үр ашиггүй төслүүдийг хасах.
- Тавдугаарт, Эрчим хүчний реформыг хийж, хараат байдлаас даруй гарах шаардлагатай байна.
Иймд дээрх асуудлуудыг даруй шийдвэрлэх бодлогуудыг УИХ-д оруулж ирж, Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийхээ хэмжээнд эдгээр асуудлыг хэлэлцэх шаардлагыг УИХ дахь АН-ын бүлэг авч хэлэлцлээ” хэмээв.
Товчхондоо бол АН нам сөрөг хүчний ажлаа хийж эхэллээ.






