
Өнгөрсөн мягмар гарагт Энэтхэгийн Air India компанийн зорчигч тээврийн онгоцны ослоос амьд гарсан цорын ганц зорчигч болох Их Британийн иргэн Вишвашкумар Рамеш ослын үеэр онгоцны их биед гарсан завсраар гарч чаджээ.
Ахмадабад-Лондон чиглэлийн нислэгийг үйлдэж байсан Boeing 787 зорчигч тээврийн онгоцны 11A суудалд зорчиж явсан Вишвашкумар Рамеш эмнэлгийн орон дээрээс өгсөн ярилцлагадаа онгоц хөөрсөн даруйд онгоцны бүхээгийн гэрэл анивчиж эхэлсэн тухай дурджээ, тэрээр “Гэрэл анивчиж эхлээд 5-10 секундийн дараа онгоц яг агаарт гацсан мэт санагдсан, тэгээд гэнэт л барилга мөргөж, дэлбэрсэн.
Ослын хаалга эвдрээд, жоохон завсар гарчихсан байгааг анзаарсан. Бүсээ тайлаад, хөлөөрөө тэр завсрыг томруулаад онгоцноос гарч чадсан. Онгоцны үйлчлэгчид, ойролцоо байсан зорчигчид бүгд амиа алдахыг харсан. Өөрийгөө ч гэсэн ингээд үхэх нь гэж хэсэг бодсон, тэгээд нүдээ нээгээд хартал би амьд байсан.
Амьд гарсан гэдэгтээ одоо ч хүртэл итгэхгүй байна.” хэмээн ярьжээ. 230 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүний хамт нислэг үйлдэж байсан Air India компанийн онгоц Ахмадабад хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн даруйдаа осолдож, ойролцоо байрлах анагаахын коллежийн дотуур байрны барилгыг мөргөсөн юм. Уг ослын улмаас 274 хүн амь үрэгдсэний 241 нь онгоцонд зорчиж байсан хүмүүс, үлдсэн нь анагаахын коллежийн дотуур байранд байсан хүмүүс аж. Ослоос цор ганцаараа амьд үлдсэн 40 настай Вишвашкумар Рамеш нь Энэтхэгт төрсөн ба 2003 оноос хойш Их Британид эхнэр, 4 настай хүүгийн хамт амьдарч байгаа аж. Тэрээр амралтаараа Энэтхэгт ирсэн ба осолдсон онгоцонд ахын хамт зорчиж байжээ. Онгоцны ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба албаны хүмүүс ослын газраас онгоцны хоёр хар хайрцгийн нэгийг нь олжээ. Өнгөрсөн баасан гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ослын газарт очиж үзсэн ба үүнийхээ дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ослын хохирогчидтой уулзжээ.
Эх сурвалж:Guardian News