
1989 оны 6-р сарын 4-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайд оюутан залуусын ардчиллын төлөөх хөдөлгөөнийг Хятадын эрх баригчид хүч хэрэглэн тарааж, олон мянган хүний аминд хүрсэн явдал тохиосноос хойш 36 жил өнгөрч буйтай холбоотойгоор Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэ болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Тяньаньмэний талбайд болсон үйл явдлыг дэлхий хэзээ ч мартахгүй хэмээн мэдэгджээ.
1989 оны 6-р сарын 4-нд Тягьаньмэний талбайд болсон үйл явдал нь Хятадад маш хатуу хяналтад байдаг, хориотой сэдвүүдийн нэг юм. Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэ нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ 1989 оны Тяньаньмэний жагсаалд оролцож байсан иргэдийн эр зоригийг үнэлж буйгаа илэрхийлжээ. Тэрээр, “Авторитар засгийн газрууд дуугүй байж, түүхийг үгүйсгэхийг сонгодог бол ардчилсан нийгэмд үнэнийг эрхэмлэж, хүний эрхийн төлөө хүсэл мөрөөдөл, амь биеэ золиосолсон хүмүүсээ үргэлж санаж явахыг эрмэлздэг. Бид түүхийг үгүйсгэхээс татгалзаж байгаагаар барахгүй бидэнд өвлөгдөн ирсэн үнэт чанаруудаа өдөр болгон хэрэгжүүлж байна.” хэмээн бичжээ.
Тайпэй хотод 1989 оны 6-р сарын 4-нд Тяньаньмэний талбайд амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх олон нийтийн үйл ажиллагаанууд болдог уламжлалтай бөгөөд ба энэ өдөр Тайванийн үе үеийн эрх баригчид Хятадын засгийн газрыг шүүмжилж, хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхийг шаарддаг билээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 1989 оны 6-р сарын цус хядлагын үеэр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн, “Өнөөдөр бид өөрсдийн үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх гэж байгаад амиа алдсан иргэд, мөн 1989 оны 6-р сарын 4-ний үйл явдалд буруутай этгээдүүдэд хариуцлагыг нь үүрүүлж, шударга ёсыг тогтоох гэсэн иргэдийн эр зоригийг дурсаж байна. Хятадын Коммунист нам үнэн мөнийг нуухыг оролдсоор байгаа ч дэлхий хэзээ ч мартахгүй.” гэжээ. 1989 оны 6-р сарын 4-ний өдөр Тяньаньмэний талбайд Хятадын армийн танкууд орж ирэн, оюутан залуусын ардчиллын төлөөх жагсаал цуглааныг хүчээр тараасан юм.
Бээжингийн зүгээс уг үйл явдлын үр дүнд хэдэн хүн амь үрэгдсэн талаар өнөөг хүртэл ямар ч мэдээлэл өгөөгүй ч хүний эрхийн байгууллагууд болон гэрчүүдийн мэдүүлснээр амь үрэгдэгсдийн тоо хэдэн мянгаар тоологдох аж. Өнөөдрийн байдлаар Тяньаньмэний талбайн эргэн тойрны хамгаалалтыг чангатгасан байдалтай байна. Цагдаа нар жолооч нарыг, дугуйтай явж буй иргэдийг болон явган зорчигчдыг шалгах хэд хэдэн цэгийг Тяньаньмэний талбай дээр байршуулж, тус талбайн ойролцоо гэрэл зураг авахыг хоригложээ.

Хятадын нийгмийн сүлжээнд уг түүхэн үйл явдлын талаар ямар ч пост, нийтлэл байхгүй байна. Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын хохирогчдын дурсгалыг хүндэтгэхээр иргэд цуглаж, лаа асаадаг байсан Виктория цэцэрлэгт хүрээлэн орчмын хамгаалалтыг мөн чангатгажээ. Хонгконгийн удирдагч Жон Ли үндэсний аюулгүй байдлын эсрэг ямар ч үйлдэл хууль сахиулагчдын зүгээс хатуу хариу үйлдлийг дагуулна гэдгийг анхааруулжээ. Шоронд хоригдож буй Хонгконгийн ардчиллын төлөө тэмцэгч Чоу Ханг Тун Тяньаньмэний талбайд амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж 36 цагийн өлсгөлөн зарлажээ.