
Жил бүрийн зургаадугаар сарын 1. Хүн бүр инээмсэглэж, хууралт мэдэрдгээрээ 4 сарын 1-тэй төстэй. Баяр гэдэг нэрийдлээр амттанд умбуулах ч амьдрал нь өөрөө шоглоом шиг өдөр.
Ихэнх хүмүүсийн хэлж заншсанаар хүүхдийн баяр. Гэтэл оноож өгсөн нэр нь Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Төв талбай, тоглоомын төвүүд дүүрэн өнгө өнгийн шаар, дэрвэгэр даашинз, тоглоомон машин, бүтэн амьдрал. Ийм сайхан зүйлс энэ нийгэмд байгаа нь сайшаалтай ч томчууд гэх тодотголд багтдаг хүн бүрийн анхаарах ёстой нэг биш нэлээд асуудал байна.
Эрх битгий хэл эрхэлж мэдэхгүй хүүхдүүд бидний дунд байна
2025.05.31-ны өдөр манай сурвалжлах баг “Гялалзах зүрх” НҮТББ /Нийгэмд Үйлчлэх Төрийн Бус Байгууллага/-ыг зорин очив. Учир юу вэ гэвээс эцэг эх нь архины хамааралтай, өөрийн болон өрөөлийн хүчирхийлэлд байдаг хүүхдүүд ер нь юу бодож, мөрөөдөж, амьдралыг ямар өнгөөр зурдгийг хүргэхийг хүссэн юм.
Хотоос зайдуу, тоос шороондоо дарагдсан гудамж, хашаан доторх ганц гэр. Хүүхдүүд халамжийн төвөөсөө хандиваар ирсэн бөмбөгөөр том биш ч жижиг биш хашаандаа тойрог болон төмсдөж, хаана ч зогссон харагдах ил хуль газар аргаа олон нуугдаж, эргээд л дуусах энэ хашаанд хөөцөлдөн хөөрцөглөн гүйцгээнэ.
Энэ газар тэдний айдсыг үргээж бодлыг нь сарниулдаг бололтой
Хүүхдүүд бэлгээ авч байх хооронд тус төвийн гүйцэтгэх захирал Б.Хажидмаатай олон зүйлсийн талаар ярилцаж амжсан юм. Түүний хувьд энэ газраа нээгээд 3 жил болж байгаа бөгөөд 200 гаруй хүүхдийг асарч хамгаалдаг аж. Гэтэл тэрээр “надад энэ хүүхдүүдэд сүртэй хийж өгсөн зүйл байхгүй ээ, зүгээр л хамт цагийг өнгөрөөж ярилцаж, хооллож ирсэн. Үүнээс илүү зүйл хийж чадахгүй байгаадаа харамсдаг” гэв.
Гэтэл энэ хүн амьдралдаа хэзээ ч үлээж байгаагүй төрсөн өдрийн лааг нь үлээлгэж, аюулгүй тайвныг мэдрүүлдэг аврал, гэрэл гэгээ нь гэдгээ мэдээгүй бололтой.
Халамжийн газрууд томрох биш бүр байхгүй болоосой
Хүүхдийн баяраар хүүхдүүд юу хүсдэг бол?
- Манайх шинэ жилээр хүслээ бичиж хадгалан жилийн дараа нээж хардаг. Гэтэл тэр хүсэл нь унадаг дугуй, ууттай бэлэг, гэр бүлээрээ парк орох гэх мэт. Хэн нэгний хувьд энгийн зүйл эдгээр хүүхдүүдийн хувьд биелэх үгүйг нь үл мэдэн бүтэн жил хадгалах туйлын хүсэл нь болсон байдаг.
Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ танайх руу ирээд байхаар уурлаад бүр хатуу хандаж байсан тохиолдлууд байдаг уу?
- Байдаг. Гэхдээ бид аль болох хүүхэдтэйгээ эхэлж учраа олчхоод дараа нь гэр бүлтэй нь ярилцаж нөлөөлөх гэж оролддог. Үүний үр дүнд архинаас гараад одоо сайхан амьдарч байгаа айлууд ч байгаа.
Та энэ газраа томруулъя гэж боддог уу? Уг нь бүр байхгүй болбол мөн сайхан аа.
- Харин тийм. Уг нь би энэ газраа томруулъя биш байхгүй болгоё гэж бодох ёстой. Гэтэл бодит байдал дээр биднийг зорин ирэх үрс тав тухтай байгаасай гэж хүсдэг юм байна. Сургуулиасаа авч чадахгүй байгаа мэдлэг, гэр бүлээсээ авч чадахгүй хайраа эндээс дүүргэвэл болох нь тэр. Сургуулийн орчинд эдгээр хүүхдүүдийг гаднах төрх нөхцөл байдлаас нь шалтгаалан гадуурхах тохиолдлууд байдаг. Зөвхөн сурагчид ч гэлтгүй багш нараас ч тиймэрхүү үйлдэл гаргадаг. Тэгэхээр хүүхдүүд сургууль биш халамжийн төвөө сонгоод айдасгүйгээр аливааг сурахыг хүсдэг.
Биднийг ийнхүү ярилцах зуур хүүхдүүд түүнийг “багшаа, багшаа” хэмээн дуудаж, тэд хамт явсан юм. Бид энэ төвд ирсэн өсвөр насны хүүтэй ярилцлаа.
Тэрээр бидэнд олон зүйл хэлсэнгүй. “Бүх зүйл сайхан байгаа. Манай гэр бүл дандаа инээлдээд бие биенээрээ тоглоод л байж байдаг. Ямар ч асуудал байхгүй” гэлээ. Харин багш нь “Манай энэ хүү айлын том. Аав, ээж нь архины хамааралтай. Дүү нараа нуруун дээрээ авч явах гэж их хичээдэг. Хүүхдүүд маань хүн бүрд сэтгэлээ нээгээд байдаггүй. Угаасаа асуудлаа мэдэж байгаа болохоор энэ газар зовлон нэгтэй хүүхдүүдтэйгээ нийлэн бүгдийг мартаж инээлдэн тоглохыг л хүсдэг юм” гэсэн нь надад хүүг сайхан бодолтой нь үлдээх ёстойг ойлгуулсан юм.
Энэ зуур нэгэн бяцхан охин бидний сууж байсан гэрт гүйн орж ирэв. Бид охиноос ярилцлага авахыг хүсэн, царай, дуу хоолойг нь гаргахгүй гэхэд охин “Би ямар гэмт хэрэг хийсэн биш юунаас нь ичих вэ” гээд надтай нээлттэй ярилцаж эхэлсэн юм.
Намайг яахав гэхэд төрсөн охиноо яаж хүчиндэж чаддаг байна аа
Чиний мөрөөдөл юу вэ?
- Би Хайнань явна. Бас гар бөмбөг юм уу бүжгээр гүнзгийрүүлэн хичээллэж түүгээрээ ажиллахыг хүсдэг.
Яагаад урлаг, спорт сонгож байгаа вэ? Чамд дуртай хичээл байдаг уу?
- Уг нь дуртай хичээлүүд байсан. Гэхдээ би ойлгохгүй байсан юм уу, надад ойлгуулж чадахгүй байсан юм болов уу, ерөөсөө сайн болж чадахгүй байсан. Дуртай хичээл гэхээсээ илүү дуртай багш надад байгаа.
Чиний амьдрал одоо ямар байна вэ? Чи өөрөө юу гэж бодож байгаагаа хэлээрэй.
- Надад аав байдаггүй. Ээжээс асуухаар нас барчихсан гэж хэлдэг. Тийм болохоор би төсөөлж ч чаддаггүй. Харин эмээ маань даралт харваад ээж асардаг юм. Би 2 дүүгээ аваад үеэлийндээ амьдарч байгаа.
Айлд байх ямар байна вэ?
- Тэр ах төрсөн охиноо хүчирхийлдэг. Намайг ч бас. Гэхдээ би ч яах вэ хөндлөнгийн хүн. Гэтэл төрсөн хүүхдээ оролдож байна гэхээр л сонин санагдаад байдаг юм. Манай үеэлийг жоохон байхад нь хөнжил дотор нь ороод уйлуулаад гараад ирдэг байсан гэж эмээ хэлсэн. Гэхдээ яагаад гэдгийг нь би ерөөсөө ойлгодоггүй.
Чамд хэцүү байна уу?
- Би яах вэ. Манай найзуудад л хэцүү байдаг. Бүгд өөр өөрсдийн гэсэн асуудалтай.
Чи яагаад өөрийгөө биш бусдыг ингэж бодож анхаарал тавиад байгаа юм бэ? Чамд ч гэсэн хэцүү байгаа шүү дээ.
- Би бусдад санаа тавьбал тэд ч бас намайг хайрлаж тусална гэж би боддог.
Ядуу хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
- Гэр бүлгүй хүнийг
Мөнгөгүй байх нь ядуу биш гэсэн үг үү?
- Мөнгө бол зүгээр л асуудал. Асуудлаа шийдчихвэл мөнгөтэй болно.
Чи өөр хүмүүст атаархаж байсан уу?
- Би хүнийг өмссөн зүүснээр нь хараад атаархаж байгаагүй. Зан чанар нь чухал гэж боддог. Цагаан давааны хогийн цэг дээр хог түүдэг маш хөөрхөн охин байдаг. Миний найз. Надад маш олон найзууд бий. Би хэнд нь ч атаархаж байгаагүй. Харин аавтайгаа, ээжтэйгээ хөтлөлцөөд жаргалтай явж байсан гэр бүлийг хараад атаархаж байсан удаатай.
Охинтой энэ мэт асуудлуудыг ярилцаад хэн хэн нь зүрхэндээ мэгшин, нүдэндээ нулимстай байлаа. Өөрийгөө биш өрөөлийг боддог энэ бяцхан зүрх цаашид мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт эргэлзэх зүйл надад байсангүй.
Энэ төвд олон бяцхан хүүхдүүд байх бөгөөд бүгд л намайг сонирхон сонжиж гүйлдэж байв. Тэдний дундаас нэг жаахан охин “би ярья” гээд л өөрөө гэрт ороод ирсэн юм. Бидний яриа “Аав, ээжийн хайранд төрсөн би, ах эгчийн хайранд өссөн би” гэх дуугаар эхлэв. Гэсэн ч охин аавтайгаа байхыг хүсдэггүй аж.
Би том болоод муу хүмүүсийг барьдаг хүн болно. Муу хүн бол архи ууж, хүн зоддог.
Чи хүүхдийн баяраар яаж баярлахыг хүсдэг вэ?
- Эгчийгээ, дүүгээ энд авчраад зөндөө гоё тогломоор байна.
Тэгвэл юу авахыг хүсэж байна?
- Тоглоом
Чи хүүхдийн эрх гэж мэдэх үү?
- Мэдэхгүй
Чамд тийм эрх байгаа болов уу?
- Байхгүй
Чиний амьдрал нь ямар байна вэ?
- Манай аав согтуу нэг танихгүй хүнтэй цуг орж ирсэн. Тэгсэн тэр хүн надаас сексдэх үү? гэж асуусан. Тэгээд би гарыг нь чанга хазаад цус гаргачихсан.
Чамайг хүн зоддог уу?
- Аав миний хоолойг боогоод, би хааяа ухаан алдаад уначихдаг. Эгчийг зодоод хөхрүүлчихсэн. Ээжийг байнга аймар болтол нь зоддог.
Чи юу хүсэж байна?
- Аавтай болмооргүй байна.
Төрсөн аавтайгаа амьдардаг энэ бяцхан охин аавгүй болох, аавтайгаа байхыг хүсэхгүй болтлоо хүчирхийлэл, айдас дунд амьдарч байна. Харин түүний хүсэж буй зүйл тоглоом тоглох, гэртээ тайван амьдрах. Энэ хүсэл нь гэрт нь биелдэггүй учраас уг Халамжийн төвд ирж тоглодог байна.
Ярилцсан хүүхэд бүрийнхээ яриаг сонсон суухдаа эдгээр хүүхдүүд энэ их хүчирхийлэл, үл хайхралт, дарамт, айдсыг бяцхан зүрхээрээ хэрхэн тэсэж өглөөг угтан, үдшийг бардаг бол хэмээх гашуун бодол намайг эмзэглүүлсээр…
Эдгээр хүүхдүүдээр миний ярилцлага авах зориг дуусав. Багшаас нь сонсоход айлд өргөгдөж очоод гадаа амбаар луугаа орж хувцсаа сольж өмсдөг. Хоол өгвөл аав, ээж нь уурлаж өөрсдийн хүүхдээ зоддог гээд хэзээ ч төсөөлж байгаагүй гэр бүлийн далд хүчирхийлэлд тэд өртсөөр байна. Гэхдээ хүүхдүүд үүнийгээ хэзээ ч ил зарлаж хэлэхгүй. Хэллээ гээд өөрчлөгдөх зүйл үгүй гэдэг аж. Эцсийн эцэст тэдний алхах зам хүрэх цэг нь өнөө л түүний гэр.
Олон жил том хүмүүс, та, бид Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн сангийн мөнгө, хүүхдийн мөнгө, халамж ЗА гэж хэлье гэж ярьсан. Эцсийн үр дүн ийм л байна.
Харин ч энэ мэт олон хүүхдүүдэд байгаа их шарх, шаналлыг томчууд та бид өгч байна. Одоо больцгооё!
Жинхэнэ үнэнээсээ хүүхдээ хамгаалж, хайрлан, эрхийг нь зөрчихөө больцгооё!