
МАН-ын Бага хурлын гишүүд 12 цаг хэлэлцсэний эцэст Засгийн газрын хамтралыг дэмжээгүй. Намынх нь Бага хурал болоод зургаа хонож буй ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аг чиг. Бага хурлын танхимд “Хамтарсан Засгийг дэмжихгүй бол хариуцлага хүлээн, ажлаа өгнө” хэмээн ярьсан тэрбээр хэлсэндээ хүрэхгүй, гүрийсээр л.
Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг тараах эрх мэдэл нь УИХ-д бий. Тэр утгаараа Ерөнхий сайд энэ долоо УИХ-ын танхимд орж ирэх болов уу. Үүнээс урьтаж, намынх нь гишүүдээс “Та Бага хурлын шийдвэрээ дагах уу эсвэл Л.Оюун-Эрдэнэ сайд хамтралыг үргэлжлүүлнэ гээд чуулганы танхимд ороод ирвэл тэр шийдвэрийг дэмжиж, итгэл хүлээлгэх үү?” гэх асуултыг асуув. Мягмар гараг тул Төрийн ордон эл хуль, бидний асуултад МАН-ын гурван гишүүн хэрхэн “бөөрөнхийлж” хариулсныг харцгаая.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Ерөнхий сайд Бага хурал дээр “Хамтарсан Засгийн газар буух юм бол ажлаа үргэлжлүүлэхгүй ээ” гэж хэлсэн нь үнэн. Бага хурлаас “Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа ажиллуулъя” гэсэн дүгнэлт гарсан. Гэрээгээ зөрчсөн үү, зөрчөөгүй юу гэдэг асуудал нь шийдэгдээгүй байхад би одоо юу ярих вэ дээ. Зөрчсөн гэж үзэх юм бол Бага хурлын шийдвэр хүчин төгөлдөр, Бага хурлын шийдвэрээр л явна. Хэрэв зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарах юм бол Засгийн газар хэвээр ажиллана гэсэн үг шүү дээ.
-Хамтарсан Засгийн газрын гэрээ гээд яриад байгаа ч тэрийг харсан хүн “алга”. Та жишээ нь тэр гэрээг олж үзсэн үү. Тэр гэрээний ямар, ямар заалтыг зөрчсөн гэж үзээд АН, ХҮН намыг засгаас гаргая гэсэн юм бол?
-Тухайн гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсээс асуусан нь зөв болов уу. Энэ бол төрийн баримт бичиг биш. УИХ-ын гишүүдэд танилцуулагдаад, байнгын хороогоор ороод, олон нийтэд мэдээлэгдээд байдаг зүйл ч биш. Энэ бол Улс төрийн гэрээ.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
-Ерөнхий сайдыг томилох эрх бидэнд байгаа. Буулгах эрх нь ч байгаа. Тэгэхээр энэ асуудал орж ирэхээр парламент ярилцана, хэлэлцэнэ. Гишүүд бүгд өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлнэ. Тэгээд итгэл үнэмшилдээ тааруулаад, шийдвэрээ гаргана.
-ХҮН, АН Засгийн газраас гарчихвал тэд хамтраад Ерөнхий сайдыг огцруулъя гээд гарын үсгээ зураад УИХ-д ороод ирж магад. Тэгвэл та үүнийг дэмжих үү?
-Би өөрийнхөө итгэл үнэмшлээр мэдээ, мэдээлэл дээр үндэслээд шийдвэрээ гаргана. Жишээлбэл, одоо орлогоо нотлох гэсэн асуудал яригдаж байгаа. Тэгэхээр эхлээд орлогоо нотлох асуудлыг нь хэлэлцэх хэрэгтэй. Үүний дараа итгэл үзүүлэх асуудал яригдана. Энэ дэс дарааллаараа явсан нь дээр байх.
УИХ-ын гишүүн С.Зулпхар:
-УИХ-ын гишүүд хэлэлцэж, бүгд байр сууриа илэрхийлнэ. Түүн дээр нь тулгуурлаж бид шийдвэрээ гаргана гэсэн үг.
-Хамтарсан Засгаараа ажилламаар байна гээд Пүрэв гарагийн чуулган дээр ороод ирвэл та яах вэ. Дэмжсэн кноп дарах юм уу. Тэрийг л асуугаад байгаа юм?
-Ер нь гишүүд ямар нэг шийдвэр ороод ирэхээр үндэслэлийг нь нарийн судалдаг. Тийм юм ороод ирвэл тэгнэ, ийм юм ороод ирвэл ингэнэ гэдэг шийдвэрийг хэн ч гаргадаггүй.