
Марафон гүйлтэд оролцох тамирчдыг төрөл тус бүрээр нэг шугамд оруулж, гүйхийн өмнө нэгдсэн дасгал хийснээр гараанаас гарах тул гүйгчдийг цагаасаа эрт цуглахыг уриалж буй.
5 км, 10 км, 21 км, 42 км-ийнзайд гүйгчид 10:00 цагт Соёлын төв өргөөний урд талбайгаас гараанаас зэрэг гарах юм. Энэ жил 5 км-т гүйгчид нар буруу гүйж бариандаа орох бол хагас болон бүтэн марафонд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ.
Уламжлал ёсоор гэр бүл, тусгай олимп төрлийн гүйлт үдээс хойш болно. МУИС-ийн урд талбайгаас 13:00 цагт харааны болон тэргэнцэртэй иргэд гараанаас гарах бол 14:00 цагт гэр бүлийн төрөлд гүйгчид гараанаас гарна. Тусгай олимпын 500 метр зайд гүйх тамирчид Спортын төв ордны урд талын замаас 14:30 цагт, тусгай олимпын 800 метр зайд гүйх тамирчид Улаанбаатар зочид буудлын урд талаас 15:00 цагт гараанаас гарах юм. Мөн энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх юм.
Марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлэх ажлыг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллана.