
Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ ТӨХК-ийн 69 жилийн ой өнөөдөр тохиож байна.
МИАТ компани өнгөрсөн 69 жилийн хугацаанд нийт 512 мянган аяллаар 570 сая км агаарын зам туулж, нийт 25 сая зорчигч тээвэрлэсэн бол өнгөрөгч 2024 онд өмнөх жилүүдийн амжилтаа шинэчилж салбарынхаа 100 жилийн ойг угтжээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
“МИАТ компани олон улсын чиглэлд нислэг үйлдэж, үйл ажиллагаагаа тэлж байна. Жишээ нь тун удахгүй АНУ руу анхны шууд нислэгээ хийх гэж байгаа нь томоохон дэвшил юм. Үүний сацуу олон улсын нисэхийн хяналтын байгууллагаас дөрвөн одтой буюу хамгийн өндөр үнэлгээ авсан нь бидний хүчин чармайлтын үр дүн гэдгийг хэлэх нь зүйтэй. Цаашдын хөгжлийн хүрээнд төрөөс иргэний агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хувийн хэвшлийн компаниуд ч мөн идэвхтэй оролцож, шинэ хөрөнгө оруулалтууд хийгдэж байна.
Түүнчлэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих үүднээс Засгийн газраас онцгой анхаарч, бүс нутгийн нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг эрчимжүүлж эхэлсэн юм.
Үүний томоохон жишээ нь Өмнөговь аймагт гурван шинэ буудлын зурвасыг өргөтгөж, том оврын онгоц хүлээн авах боломж бүрдүүлж зургаадугаар сарын 10-наас эхлэн ашиглалтад орох төлөвтэй.
Мөн Мөрөн, Ховд, Чойбалсан хотуудад нисэх онгоцны буудал барих ажил төлөвлөгдөж, Хэнтий аймгийн Өндөрхаан дахь онгоцны буудлыг 3 улсын ангилалтайгаар ашиглалтад оруулсан” хэмээв.
“Амжилт бүтээл өрнүүн он жил ард үлдлээ. 2024 онд МИАТ компани нийт 4218 нислэг үйлдэж, 1.5 сая зорчигч тээвэрлэсэн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн энэ онд 945 тэрбум төгрөгийн орлого олж, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь бидний эдийн засгийн хувьд ч амжилттай жилийг харуулж байна. Энэ бол зөвхөн өнгөрсөн оныхоор хязгаарлагдахгүй, цаашдын буюу 2025-2030 оны дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний суурь амжилт гэж бид харж байгаа.
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүх сөхвөл, 1925 онд Германы зохион бүтээгчийн бүтээсэн Ю-13 онгоц Монгол Улсад анх газардсан нь манай нисэх хүчний үүсэл суурь болсон гэж үздэг. Эхэн үедээ цэргийн зориулалттай нислэгүүд голлодог байсан бол 1956 оны 7 сарын 7-нд Улаанбаатар-Мөрөн-Ховд чиглэлд анхны иргэний агаарын тээврийн нислэг үйлдсэнээр МИАТ компанийн түүх албан ёсоор эхэлсэн.
69 жилийн турш бид хөгжил дэвшлийн замыг туулсан. Алдаа оноо, сорилт, түүхэн шийдвэрүүдээр дүүрэн он жилүүд байсан. Энэ бүхний ард үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, хамт олны маань тууштай хөдөлмөр зүтгэл байсан гэдгийг онцолъё” гэлээ.
Нисэх хүчний 100 жилийн ой, МИАТ компанийн 69 жилийн ойгоор тус салбарт Хөдөлмөрийн баатар “төрсөн” нь Р.Бат-Эрдэнэ хэмээх гавьяат нисгэгч юм.
“Монгол Улсын нисэх хүчин байгуулагдсаны 100 жилийн ой, мөн МИАТ компанийн 69 жилийн түүхт ойн баярын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ туйлын их баяртай байна.
Би 1986 онд ЗХУ-ын Кировоград хотын Нисэх хүчний дээд сургуулийг төгсөөд, эх орондоо ирж, МИАТ компанитайгаа амьдралаа холбож, өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж, нисэж яваа хүн.1986 оны үеийг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулбал, маш их өөрчлөлт гарсан.
Тухайн үед бидний ажиллаж байсан техник, тоног төхөөрөмж, сургалтын орчин, аюулгүй байдлын стандарттай харьцуулахад өнөөдөр маш өндөр түвшинд хүрсэн.МИАТ компани өнөөдөр олон улсын жишигт нийцсэн, дэлхийн агаарын тээврийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн компани болтлоо хөгжжээ.
Аюулгүй байдал, дүрэм журам, стандартыг бүрэн мөрдөж ажилладаг болсон. Бүх л үйл ажиллагаа олон улсын шаардлагад нийцсэнийг энд онцолъё. Манай компанийн нисгэгчид, инженер техникийн ажилчид Америк, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшиж, бэлтгэгдэж байна.
Түүнчлэн манай техникийн газар Монголдоо агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийх бүрэн чадвартай болсон нь бидний нэг том бахархал юм.
Эдгээр өөрчлөлт, ахиц дэвшлийг харахад өнөөдрийн МИАТ бол олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, чадварлаг хамт олон бүхий үндэсний агаарын тээвэрлэгч болсон гэдгийг би чин сэтгэлээсээ хэлье” хэмээлээ.
Мөн МИАТ ТӨХК нь цар тахлын үеэр агаарын тээвэрлэгчийн үүргээ маш сайн биелүүлснийг МУ-ын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ мэндчилгээн дээрээ дурдсан юм.
Монголын нисэх хүчин, МИАТ ТӨХК-ийн бүх ажилчдадаа ойн баярын мэнд дэвшүүлье.
Тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай.