
Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм албан тушаалаа өгөхөөр болсон талаар тус компанийн зүгээс өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хувьд гэнэтийн мэдээ болоод байна.
Рио Тинто компанийн мэдэгдэлд Я. Стаусхолм энэ оны сүүлээр шинэ гүйцэтгэх захирал томилогдох хүртэл ажиллана хэмээн онцолжээ.
Төмрийн хүдэр олборлогч дэлхийн хамгийн том компани болох Рио Тинто Я. Стаусхолмыг 2020 оны сүүлээр гүйцэтгэх захирлаараа томилсон юм. Тухайн үед тус компани Австралийн түүхэн дурсгалт эртний агуйг эвдэлж сүйтгэсэн хэргээр олон нийтийн төдийгүй хөрөнгө оруулагчдынхаа шүүмжлэлд өртөж, гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нь албан тушаалаасаа огцорсон юм.
Я. Стаусхолм гүйцэтгэх захирлаар томилогдсон даруйдаа компанийнхаа ажлын байран дахь соёлын тухай дэлгэрэнгүй тайланг гаргахыг үүрэг болгосон ба 2022 онд гарсан тайлангаар Рио Тинто компанид дээрэлхэл, дарамт болон ялгаварлан гадуурхалт маш ихээр дэлгэрсэн болох нь тогтоогдсон юм.
Түүнээс гадна Я. Стаусхолмын удирдлага дор Рио Тинто компани байгаль орчин, нийгэм болон санхүүгийн тогтвортой байдалд төвлөрч, компанийнх нь үйл ажиллагаа дэлхийн уур амьсгал, хүн ардад хэрхэн нөлөөлж байгаад анхаарч ажиллах болсон юм.
Я. Стаусхолмын удирдлага дор Рио Тинто компани литийн олборлолтоо өргөжүүлсэн юм. Үүнд Аргентинд литий олборлох Rincon Lithium төслийг эхлүүлж, литий олборлогч Arcadium Lithium компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авч, Чилийн Codelco компанитай Чилид литий олборлох төсөлд 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн зэрэг ажлууд багтах юм.
Я. Стаусхолмын оронд гүйцэтгэх захирлаар томилогдох магадлалтай хүмүүст Рио Тинто компанийн Арилжаа, бизнес хөгжлийн захирал Б. Болд, төмрийн хүдрийн орд хариуцсан захирал Саймон Тротт, хөнгөн цагаан хариуцсан захирал Жером Пекрессе нар яригдаж байгаа ч хөрөнгө оруулагчид Рио Тинто компани шинэ гүйцэтгэх захирлаа дотроосоо бус гаднаас хайна гэсэн хүлээлттэй байгаа аж.
Я. Стаусхолм Рио Тинто компанийг удирдсан хугацаанд тус компанийн хувьцааны үнэ 15 хувиар буурч, хөрөнгө оруулагчдын ашиг 30 хувьтай тэнцэж, Австрали дахь ордуудын хувьцааны үнэ 6.5 хувиар өссөн юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар Я. Стаусхолм Рио Тинто компанийн үйл ажиллагааг тогтворжуулж, багаа маш сайн бүрдүүлж чадсан ба байгууллагынхаа соёлыг дахин цогцлоон, литийн төслүүдэд хөрөнгө оруулж, бизнесээ өсгөхөд чухал хувь нэмэр оруулж чаджээ.