
МАН Бага хурлаараа хамтарсан Засгийн газрыг огцруулж, дангаараа засаглах шийдвэрт хүрсэн нь АН-ын дарга Л.Гантөмөрийг “ажилгүй” болгов. Тэрбээр өчигдөр /2025.05.22/ хуралдсан АН-ын улс төрийн зөвлөлийн хуралд дээр Намын даргынхаа ажлыг өгье гэдгээ мэдэгдсэн гэх. Улс төрийн зөвлөлийн хурлаас гарч ирээд Намын даргын ажлаа өгнө гэж хэлсэн юм. Одоо АН дотор бас л даргын төлөөх тэмцэл эхлэх нь.
Процессын хувьд юу болох вэ?
Эхлээд ҮБХ-ны ээлжит хурлын тов зарлагдах учиртай. ҮБХ-ны ээлжит хурлыг Намын дарга эсхүл Улс төрийн зөвлөлөөс зарлана. Улмаар ҮБХ-ны хурлаар Намын даргаас чөлөөлөгдөх Л.Гантөмөрийн хүсэлтийг хэлэлцэж, намын Их хурлаас огцруулах шийдвэр гаргана. Улмаар ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж нууц санал хураан, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ. Ийнхүү намын Их хурал Намын даргыг дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр сонгон батлах учиртай.
За, тэгвэл дараагийн АН-ын дарга хэн бэ?
АН дүрэмтэй. Тэр дүрэмдээ “Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр дөрвөөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна” гэж заасан байдаг.
АН-ын олон фракц бүрээс л нэр орж ирэх байх. АН-ын дараагийн дарга хэн байхаас хамаарч хамгийн ойрын хугацаанд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэр амжилттай оролцох нь шийдэгдэнэ гэсэн үг. Намын даргад эмэгтэйчүүдээс С.Одонтуяа, эрчүүдээс О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Х.Тэмүүжин ч байж болно. Одоогоор О.Цогтгэрэл дэвшинэ гэдгээ битүү хатуухан илэрхийлээд амжсан байна.
Ер нь АН үндсэн дүрмийнхээ 5.18.3-т “АН нь 2 хүртэл дэд даргатай байна” гэж заасан байдаг ч олон дэд даргатай. Ёстой л “дарга нарын нам”.
- Р.Амаржаргал
- Ш.Түвдэндорж
- Р.Эрдэнэбүрэн
- Ц.Жадамбаа
- Ц.Уртнасан
- Ч.Өнөрбаяр
- И.Мөнхжаргал
- Ж.Баярмаа
- О.Алтангэрэл
- П.Галиндэв
- Ш.Жандос
- Т.Пүрэвхатан
- С.Буяндэлгэр
- П.Батчимэг гээд 14 дэд даргатай нам.
Үүгээр зогсохгүй АН-ын бүлэг Б.Жаргалан, Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу гэсэн гурван ч дэд даргатай. Энэ олон дэд дарга нараас хэн нэгэн нь намын даргад нэрээ дэвшүүлээд ороод ирэхэд үгүй гэх газаргүй билээ.