
Японы Kyodo News агентлагийн мэдээнд Монгол улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан жагсаал 7 дахь өдрөө үргэлжилж буйг онцолжээ. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн хүү болон хүүгийнх нь сүйт бүсгүй нийгмийн сүлжээнд баян тансаг амьдралын хэв маягаа нийтэлсэн нь олны бухимдлыг төрүүлж, ийнхүү жагсаал цуглаан өрнөхөд хүргэсэн гэжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх уг асуудлаар Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэтэй уулзсан ба эрх баригч Монгол Ардын нам энэ сарын 21-нд бага хурлаа зарлаж, бага хурлаараа намынхаа тэргүүн Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн ирээдүйг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар Kyodo News агентлаг болон Японы The Sankei Shimbun сонин онцолсон байна.
Сингапурт төвтэй Аsia News Network агентлаг Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг огцруулах цахим өргөдөлд иргэд олноороо гарын үсгээ зурж байгааг мөн иргэн Г.Доржтүвдэний санаачилсан уг өргөдөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах явдалд чухал ач холбогдолтой тухай бичсэн байгааг онцолж, өргөдөлд гарын үсэг зурах линкийг мэдээндээ хавсаргажээ.