
Баруун Африкийн Бүгд Найрамдах Гана улсын Аданси Абоабо тосгоны Акан омгийн хаан Эрик Ману омгийнхоо эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд Канад улсад цэцэрлэгчээр ажиллаж байна.
Канад улсад эхнэр, хүүгийн хамт амьдарч байсан Эрик Ману, Акан омгийн хаан авга ах нь 67 насандаа таалал төгссөнөөр эх орон луугаа буцаж, омгийнхоо хаан ширээг залгамжилжээ.
Тэрээр, “Энэхүү үүрэг хариуцлагаа хүсэл тэмүүлэлтэйгээр хүлээн авах нь зүйтэй юм. Энэ бол манай омгийн өв соёл, уламжлал заншил. Заримдаа ажил дээрээ очихоор хүмүүс бид чамайг зурагтаар харсан, чамайг хаан гэсэн шүү дээ, чи яагаад цэцэрлэгчээр ажиллаад байгаа юм бэ гэж асуудаг. Миний хувьд Канадад ирээд боссынхоо доор ажиллах дуртай” хэмээн ярьжээ.
Түүнийг анх Канадад нүүж очиход нь дарга нь омгийнхонд нь зориулж To the Moon and Back нэртэй сан байгуулжээ. Тэрээр уг сангаар дамжуулан Эрик Манугийн омгийнхонд сургуулийн бичиг хэрэглэл, хувцас, зөөврийн компьютер, эмнэлгийн хэрэгслүүд зэргийг илгээжээ.
Эрик Манугийн дарга The Landscape Consultants компанийн эзэн Сьюзан Уотсон Эрикийг хаанаар өргөмжлөх ёслолд оролцсон ба тэрээр, “Эрикийн омгийнхон дотроосоо ч тэр, гаднаасаа ч тэр маш үзэсгэлэнтэй хүмүүс, гэхдээ тосгон нь маш ядуу, тосгоных нь эмнэлэгт нэг эх баригч, цөөн хэдэн сувилагч л ажилладаг.” хэмээн ярьжээ.
Энэ удаад Канадад цэцэрлэгчийнхээ ажлыг хийх хугацаандаа Эрик Ману тосгоныхоо эмнэлгийг сайжруулах зорилгоор хандив босгож, хэдэн сарын дараа тосгондоо эм, эмнэлгийн хэрэгслүүд өвөртлөн очихоор төлөвлөжээ.