
Төв талбайд “Огцрох амархан” жагсаал үргэлжилж, Төрийн ордонд гишүүд хуваарь ёсоор хуралдсан өдөр байлаа, өчигдөр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулгандаа ирээгүй. Өнөөдөр ч мөн чуулганы хуралдаанаас чөлөө авчээ. Түүнийг эзгүйд танхимынх нь сайд нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “загнуулаад” амжив.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Сайд нар орж ирье. Асуултад хариулъя. Жаахан ухамсартай бай л даа, сайд нар аа. Та хэд чинь энд гишүүдийн асуултад хариулах гээд байж байх ёстой биз дээ. Чуулганы хуралдаанд заваараа орж ирээд хариулт өгч байгаа юм шиг л байх юм. Хүнд хүндэтгэлтэй хандвал буцаад хүндэтгэлтэй л хандана шүү дээ. Хүндэтгээд асуудлыг нь бариад яваад байх тусам давраад эд нар яадаг юм гэж бодоод байгаа юм уу. Араа шүдээ үзүүлбэл хэн ч хаана ч үзүүлж чадна. Гэхдээ төрийн ажил тэгж явах зохимжгүй” хэмээсэн юм.
Тэрбээр сайд нар чуулганы хуралдаандаа чөлөө заваараа суухгүй шүү хэмээн бухимдахдаа энэ үгийг мөн Ерөнхий сайдад “хаяглаж” хэлэв үү?