
Засгийн газар Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын шинэ төв цогцолбор байгуулж, төслийг иргэд, аж ахуйн нэгжийн сайн дурын хандивын оролцоотой хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдэгдсэн. Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмын орлого болох хоёр тэрбум орчим төгрөгийг зураг төслийн ажилд зарцуулахаар болсон талаар танилцуулсан.
Энэ мэдэгдлийн дараа олон нийтийн дунд хамгийн их яригдаж буй асуулт нь “Өнөөгийн эдийн засгийн нөхцөлд төр иргэдээсээ хандив хүсэх нь зөв үү?” гэх.
Учир нь манай улсад эмчилгээний зардлаа төлж чадахгүйгээс болж олон нийтээс тусламж хүсдэг иргэдийн тоо цөөнгүй. Тоон мэдээлэл сөхвөл монголчууд жил бүр гадаад улс руу ойролцоогоор 350-400 сая ам.доллар, өөрөөр хэлбэл 1.2-1.4 их наяд төгрөгийг зөвхөн эмчилгээний зардалд урсгадаг байна. Энэ мөнгөний дийлэнх нь хорт хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судас болон мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчилгээнд зарцуулагддаг. Улсын дэмжлэг бүх иргэнд хүрэлцдэггүй учраас олон гэр бүл олон нийтийн хандивт найдахаас өөр сонголтгүй үлддэг.
Ийм байхад төр өөрөө иргэдээсээ шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад хандив хүсэж байгаа нь эрэмбэ дарааллын хувьд маргааныг үүсгээд байгаа юм.
Иргэдийн хандив болон хувийн хэвшлийн хөрөнгөөр шинэ төв цэнгэлдэх хүрээлэн баригдлаа гэхэд түүнээс олох орлого хэнд төвлөрөх вэ? Тасалбарын орлого, түрээс, концерт, спортын тэмцээн зэрэг үйл ажиллагаанаас олох орлогыг улсын төсөвт авах уу, эсвэл хөрөнгө оруулагч талууд тодорхой хугацаанд ашиг хүртэх үү?
Хуульд юу гэж заасан бэ?

Мөн Хүй долоон худагт баяр наадмын үеэр зорчсон иргэдийн хувьд хамгийн том хүндрэл нь замын түгжрэл байдаг. Наадмын өдрүүдэд очих, буцахдаа хэдэн цагаар түгжирдэг. Ийм нөхцөлд улсын хэмжээний төв цэнгэлдэхийг мөн тэнд байгуулах нь дэд бүтцийн хувьд хэр оновчтой вэ? гэх асуулт.
Иргэдийн оролцоо, хандивын хүчээр хэрэгжсэн бүтээн байгуулалт бий. Одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад тухайн үеийн байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлмөр, дэмжлэг оролцож байсан түүхтэй. Мөн Мэгжид Жанрайсиг бурхныг сэргээн бүтээх ажилд нийт ард иргэд, байгууллагууд өргөн хүрээтэйгээр хандив өргөсөн байдаг. Гэхдээ эдгээр жишээг өнөөдрийн төсөлтэй шууд адилтгах боломжгүй. Учир нь иргэдийн хандив ямар зориулалттай, ямар үр өгөөжтэй байх нь тодорхойгүй.
Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн барих нь буруу биш ч эдийн засгийн хүндрэл, иргэдийн худалдан авах чадвар, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдээгүй энэ үед чухлын дараалал нэн тэргүүнд байх ёстойг иргэд хэлж байлаа.
Видео үзэх:







