
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн лхагва гарагт саяхныг хүртэл АНУ-ын Онц ноцтой алан хядагчдын жагсаалтад байсан Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль Шараатай Эр-Рияд хотноо уулзжээ.
Абу Мохаммед аль Жолани нэрээрээ алдартай Ахмед аль Шараа 6 сарын өмнө 50 гаруй жилийн настай Ассадын дэглэмийг унагаж, Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийг улсаасаа хөөж, өөрийгөө Сири улсын удирдагчаар өргөмжилсөн билээ.
Тэрээр Сири дэх Аль Каида алан хядах бүлэглэлийн харьяа Жебхат Аль Нусра бүлэглэлийг удирдаж, амиа золиослогчдыг ашиглан Сирид хэд хэдэн алан хядах ажиллагаа зохион байгуулсан гэгддэг бөгөөд түүнийг барьсан эсвэл хөнөөсөн хүнд Вашингтон цагтаа 10 сая ам.долларын шан харамж амлаж байжээ.
Саудын Арабаас гаралтай Ахмед аль Шараа нь Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг унагасан бослого хөдөлгөөнийг удирдахаасаа өмнө олон жил Иракт АНУ-ын эсрэг тулалдаж явсан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Ойрх Дорнодод хийж буй айлчлалынхаа үеэр Сирийн төрийн тэргүүнтэй уулзсан нь хоёр улсын төрийн тэргүүнүүд 25 жилийн дараа анх уулзсан түүхэн үйл явдал болжээ.
Ерөнхийлөгч Д. Трамп Саудын Арабын Хант улсын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салманы хүсэлтээр АНУ-ын Сирийн эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүдийг бүгдийг нь цуцлахаа мэдэгдсэн юм. Вашингтоны Терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалтад 1979 оны 12-р сараас хойш байсан Сири улсын эдийн засаг барууны хориг арга хэмжээнүүдийн улмаас уналтад орсон юм.
Дэлхийн банкны судалгаагаар 2010-2020 онд Сири улсын эдийн засаг 50 гаруй хувиар агшжээ.
2022 оны байдлаар Сирийн нийт хүн амын ядуурлын түвшин 69 хувьтай гарч, 4 хүн тутмын 1 нь нэн ядуу гэсэн ангилалд багтсан ба 2023 оны 2-р сард болсон газар хөдлөлтөөс хойш нөхцөл байдал улам дорджээ.
Арабын орнууд Сирид хөрөнгө оруулах хүсэлтэй ч АНУ-ын хориг арга хэмжээг зөрчихөөс болгоомжилж байсан ба Ерөнхийлөгч Д. Трамп Сирийн эсрэг бүх хориг арга хэмжээг цуцалснаар Арабын орнууд Сирид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах нь гарцаагүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Ерөнхийлөгч Д. Трампын зүгээс Ахмед аль Шараатай хийсэн уулзалтынхаа үеэр Сирийн удирдагчид Израилтай харилцаагаа сайжруулах, гаднын болон Палестины алан хядах бүлэглэлүүдийг Сири улсаас гаргах, АНУ-ын Исламын улс бүлэглэлийг дахин үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс сэргийлэх ажилд туслах зэрэг шаардлагуудыг тавьжээ.
АНУ-ын төрийн тэргүүн Сирийн эсрэг бүх хориг арга хэмжээг цуцалсан гэсэн мэдээ гарсны дараа Сирийн томоохон хотуудад иргэд баярын салют буудуулж, гудамжны самбарууд дээр Ерөнхийлөгч Д. Трамп болон Саудын Арабын хунтайжид талархсан зурагт хуудаснуудыг байршуулжээ.
Д. Трампын мэдэгдлийн дараа Сирийн валют лирагийн ам.доллартой харьцах ханш 27 хувиар өссөн байна. Тус улсын Сангийн сайд Мохаммед Нидал аль Шаар Al Arabiya сувгаар Сири улсын хувьд шинэ үе эхэллээ хэмээн нулимс дуслуулан мэдэгджээ.
Харин Саудын Арабын Сангийн сайд Файсал бин Фархан Эр-Рияд Сирийн эдийн засгийн сэргээн босголтод гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн онцолсон байна.