
УИХ-ын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Зулпхар нар энэ сарын 9-нд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Хүний хөгжлийн асуудал эрхэлсэн захирал, ноён Алберто Родригэс Пинзон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн болон Байнгын хороодын эрхлэх асуудал, чиг үүргийн талаар товч танилцуулаад, эрүүл мэндийн болон нийгмийн бусад салбарт Дэлхийн банктай явуулж буй хамтын ажиллагаанд талархаж явдгаа дурдсан юм. Тэрбээр эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах зорилгоор тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж, сайн туршлагыг нутагшуулж байгаад баяртай байгаагаа онцлоод, төслийг цаашид хөдөөгийн түргэн тусламжийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэх хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.