
Монголын Хөлбөмбөгийн Холбооны ээлжит бус Их хурал өнөөдөр болж, цаашид тус холбоог удирдах шинэ ерөнхийлөгчийг сонголоо. Жилийн жилд тэр дундаа өдөр бүр л тус холбооны эргэн тойрон дахь асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар, хөлбөмбөгийн “үлгэр дуусдаггүй” үргэлжилсээр байдаг.
Тэгвэл тус холбооны шинэ ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар 28 саналаар сонгогджээ.
Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид:
- Ц.Анандбазар (Арвис хөлбөмбөгийн клуб)
- С.Жаргал (Шүүгчийн зөвлөл)
- Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб)
- Ө.Алтай ( Хараацай хөлбөмбөгийн клуб)
- Н.Болор-Эрдэнэ (Хоромхон хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлээд байсан билээ.
Мөн өнөөдрийн хурлаараа Монголын Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн гишүүнийг сонгох ажээ.
Ерөнхийлөгчид дээрх таван хүн нэр дэвшээд байснаас удаах саналыг буюу нийт 18 саналаар Монгол Улсын шигшээ багийн ахлагч, дараа нь шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдон ажиллаж буй мөн Холбооны Техникийн зөвлөлийн дарга Б.Гарьдмагнай бичигдэв.
Тус холбооны сонгуулийн өмнө С.Жаргал, Ө.Алтай нар нэрээ татаж буйгаа хэлж, өөрсдөд нь өгөх байсан саналаа Б.Гарьдмагнайд өгөхийг уриалсан юм. Харин Н.Болор-Эрдэнэ нэрээ мөн татахдаа өөрт санал өгөх хүн байвал Ц.Анандбазарыг дэмжихийг уриалжээ.
Ингэснээр хоёр нэр дэвшигч шалгаран үлдэж, нууц санал хураалт боллоо. Нууц санал хураалтын дүн гарахад Ц.Анандбазар Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаар болж, дөрвөн жил Монголын Хөлбөмбөг хэрхэн хөгжих, ямар замыг туулах, цаашид хэрхэн яаж бодлого баримтлах гээд л холбоог удирдах хамгийн гол эрх түүнд очиж буй нь энэ.
Сонгуулийн өмнө Ц.Анандбазарыг ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг эсэргүүцэн, Дээд лиг болон Нэгдүгээр лигийн тамирчид тоглолтондоо оролцохгүй гэдгээ мэдэгдэж “бойкот” зарласан. Улмаар “Очир” зөвлөлд тус холбоотой хамаарал бүхий шийдвэр гаргах, өдөр тутмын үйл ажиллагааг сонгууль явагдаад дуустах хүртэл түр хугацаанд хариуцуулсан байв.
Хөлбөмбөгчид аливаа хэн нэгэн улс төрчөөс ангид үйл ажиллагааг цаашид явуулах, хөгжин дэвших боломж бүрэн байгаа, мөн хөлбөмбөгөө “аврах хэрэгтэй” гэж нэгдсэн уриалгад бүгд гар бие оролцож, сонгуулийг явуулахгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан ч тэдний төлөвлөсөн, санаснаар бүх зүйл болсонгүй. Харин ч эсрэгээр 360 градус эргэсэн сонгуулийн үр дүн болов.
Ийнхүү цаашид Монголын багийн спортод хөгжлийн гол жин дарах төрөл буюу хөлбөмбөгийн ирээдүйн зам хаашаа, хэрхэн эргэх, хөлбөмбөгчдийн хувь заяа яаж шийдэгдэхийг харах л үлдэж байна…