
Ромын Католик сүмийн тэргүүн, Дээд их Хамба лам Францисын оршуулах ёслолыг үзэхээр Гэгээн Петрийн талбайд 200 мянга орчим хүн цугларчээ.
Өнгөрсөн даваа гарагийн өглөө 88 насандаа өөд болсон Пап лам Францисын оршуулах ёслолд католик сүмийн 220 кардинал, 750 хамба лам, 4000 гаруй лам нар оролцож байгаа ба оршуулах ёслолыг кардиналуудын зөвлөлийн тэргүүн 91 настай кардинал Жованни Баттиста Ре удирдаж байна.
2023 онд Пап лам XVI Бенедиктыг оршуулах ёслолыг үзэхээр Гэгээн Петрийн талбайд 50 мянга орчим хүн, 2005 онд Пап лам II Йохан Паулын оршуулах ёслолыг үзэхээр 300 мянга орчим хүн цугларч байжээ.
Америк тивээс тодорсон анхны Пап лам Францисын оршуулах ёслолд Аргентин, Франц, Габон, Герман, Филиппин, Польш улсын ерөнхийлөгч нар, Их Британи, Шинэ Зеландын ерөнхий сайд нар, Уэльсийн ханхүү Уильям, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден зэрэг дэлхийн 150 гаруй орны улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцохоор Гэгээн Петрийн талбайд байраа эзэлжээ.
Оршуулах ёслол эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар уулзжээ. Цагаан ордны харилцаа холбоо хариуцсан дарга Стивен Чон хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт үр дүнтэй болсон талаар дурдсан байна.