Хасын Хүлэгүүд, Бишрэлт Металлс багийн цувралын харьцаа 1:1 болов

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн талаар өнөөдөр /2025.04.23/ мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-“УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлээд байнгын хороодоор Евразийн худалдааны түр хэлэлцээрийг зөвшилцөж байна. Миний бие УИХ-ын даргын захирамжаар Тамхины хяналтын тухай хуульд дүн шинжилгээ хийх, шаардлагатай бол электрон болон янжуур тамхитай холбоотой хуулийн нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Бид нэлээдгүй хугацаанд бодлогын яамнуудтай хамтарч ажиллаад хуулийн төсөл бэлэн болчхоод хэлэлцүүлгийн шат руугаа явж байх энэ үед Евразийн худалдааны түр хэлэлцээрээр янжуур тамхины гаалийн албан татварын 30 хувийг тэглэх зүйл заалттай хэлэлцээр орж ирснийг УИХ гишүүний хувьд, Монгол Улсын иргэн хүний хувьд эсэргүүцэж байгаа. Тиймээс энэ талаар байр сууриа илэрхийлээд явж байгаа. Янжуур тамхи ихэвчлэн импортын бүтээгдэхүүн байдаг. Тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
2024 оны гаалийн мэдээгээр нийт 3.5 тэрбум ширхэг тамхийг импортолжээ
Үүнийг Монгол Улсын хүн амтай харьцуулаад үзэхэд жилд нэг хүнд 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи ногдож байна. Үүн дээр нэмээд ямар нэгэн зохицуулалтгүй электрон тамхины асуудал бий.
Ялангуяа хүүхэд, залуучуудын дунд хэрэглээ нь өссөөр байгаа. 2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортлогдсон байна. Одоогоор тамхины төрлийн бүтээгдэхүүний нийт импортын 35 хувь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортлогддог. Ялангуяа Казакстан улсаас янжуур тамхи импортлогдож орж ирдэг.
Мөн энэ 35 хувь дээр гаалийн татварын тэглэнэ гэдэг нь ердөө энэ 35 хувийн зах зээлийн асуудал биш. Манай улсад янжуур тамхи экспортолдог гол улс бол Казакстан, БНСУ байдаг. Тэгвэл БНСУ-аас импортолдог энэ компани өөрөө Казакстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа.
Хэрэв энэ янзаар гэрээ батлагдах юм бол Монгол Улсад гаднаас орж ирж байгаа бүхий л тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх сөрөг үр дагавартай. Тиймээс УИХ, Евразийн худалдааны түр хэлэлцээрийг батлахдаа тамхины татвартай холбоотой заалтыг хасах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна. Бид тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө боловсруулчихсан байгаа Сангийн яамнаас татварын тооцооллыг хүлээж байна. Үүний дараа ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэхээр зорьж байна” гэв.