
Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн дэлгэцийн шинэ бүтээл Монголын анхны паппет кино болох “Пөөдөө” уран сайхны кино нийслэл болон 21 аймаг, 330 суманд нэгэн зэрэг албан ёсны нээлтээ хийсэн.
Энэхүү киногоор дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшлийг олгох, мансууруулах бодисын хор уршиг, сөрөг үр дагаврын талаар мэдлэг түгээх зорилготой аж.
Уг кино Монголын анхны, Ази тивийн хэмжээнд хоёр дахь “паппет кино” төрлөөр туурвисан бүтээл гэдгээрээ онцлог бөгөөд хүүхэлдэйн дүрүүдийг амьд мэт хөдөлгөөнтэй, бодит мэдрэмжтэйгээр дүрсэлдэг юм байна. “Пөөдөө” киноны ерөнхий найруулагч О.Батзоригтой ярилцлаа.
“Пөөдөө” Уран сайхны кино маань Puppet movie буюу биет хүүхэлдэйн кино гэсэн үг. Манай улсад энэ хэлбэрээр хийгдсэн кинонууд олон байсан л даа. Бидний мэдэх Эрх цагаан ишиг, Шаазан зааны үлгэр, Өвгөн арслан хоёр зэрэг нь мөн л гараараа хийчихсэн хүүхэлдэйнүүдээр хийсэн кинонууд шүү дээ. Гэхдээ секундэд 25 фрэйм байдаг.
Манай киноны онцлог нь тэр хүүхэлдэйг жүжигчид тоглуулсан. Өөрөөр хэлбэл яг амьд динамик хөдөлгөөнтэйгөөр хийгдсэн. Монголдоо анхных, Ази тивдээ хоёр дахь юм.
Кино урлаг чинь өөрөө камерын маш олон өнцгөөс зуралт зураг авалт хийгддэг. Гэтэл Хүүхэлдэйн театрын онцлог нь зөвхөн хажуу талаас буюу үзэгчдэд зориулж жүжигчид нь ширээнийхээ араар орж тоглодог. Бид киноныхоо зүрэг аьалтыг хийхдээ окоп шиг завсар гаргаж байгаад тэр завсраа хүүхэлдэйгээ тоглуулаад, өнцөг тавилт, зураг авалтаа хийж, кадрт гарсан цоорхой, янз бүрийн засварыг пост продакшн дээр “Тансаг Филм”-ийн уран бүтээлчид сайн ажилласан.
Киноны зөвхөн зураг авалтын ажилд нийт 85 мэргэжлийн уран бүтээлч ажилласан, зөвхөн жүжигчид. Уран бүтээлчид маань дотроо олон хэсэгт хуваагдаж ажилласан. Тайз анги орчин бүрдүүлдэг, Хүүхэлдэй урлаачийн анги дүрүүдээ хийдэг, Хүүхэлдэй тоглоочид жүжиглүүлдэг гэх мэт. Хүүхэлдэйн театрын үйлчилгээний ажилтан нь хүртэл дүрүүдийнхээ модон тууриаг сийлээд сууж байдаг мундаг хамт олон юм байна лээ.
2018-2019 оноос эхлээд кино хийнэ гэж яригдаж байсныг би ерөнхийдөө сургийг нь дуулчихсан байсан. Тэгээд хүүхэлдэйн театр кино хийнэ гэхээр ямар сонин, сонирхолтой юм бэ гэсэн бодолтой явдаг байсан. 2021 онд шалгаруулалт нь явагдаад хорь орчим продакшн, хүүхэлдэй болон хүүхдийн чиглэлээр уран бүтээл хийдэг уран бүтээлчид оролцсоноос миний зохиол шалгарч байсан юм.
Хувь уран бүтээлч хүнийхээ хувьд гэрэл гэгээг түгээн дэлгэрүүлэхийг хичээж явдаг. Өмнө нь хийсэн хэдэн юмнууд маань бол эр зориг, үнэнч нөхөрлөл, хайр сэтгэл, энэ бүх зүйлүүдийг харуулахыг хичээдэг байсан бол энэ удаад эх орон ямар үнэтэй юм, бид нар яг аль түвшинд байгаа юм? Тэгээд яах ёстой юм гэсэн энэ 3 асуултыг үзэгчид олоод харчихвал болно л гэж найруулагчийн хувьд бодож байна.
Аливаа зүйлийг хийхэд ялангуяа уран бүтээл хийхэд хүсэл эрмэлзлээр дүүрэн шүү дээ. Тэгээд бидний хэдэн залуучууд анх эхлэхдээ энэ киног гаднын зах зээлд гаргачих юмсан гэж хоорондоо ярилцаж энэ ажлыг эхэлж байсан.
Тэр хүсэл маань одоо яг хэвээрээ шатаж явж байгаа. Тэгээд хэрвээ одоо санаагаар болдог бол одоо гаднын зах зээл кино наадмууд энэ бүх зүйл дээр бас ингээд яг кино урлагийн салбарын салбартай холбоотой урлагийн төрийн байгууллагууд энэ киног маань сайн дэмжээд өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа.