
БНХАУ-ын баруун өмнөд зүгийн Гуйжоу мужид ирэх зургаадугаар сард ашиглалтад орох Huajiang Grand Canyon Bridge татлагат гүүр дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байна. Уг гүүр Францын Виадук де Мийо гүүрнээс 288.6 метр өндөр.
Гуйжоу муж нь хад хавцал ихтэй, Хятадын уулархаг бүс нутгуудын нэг бөгөөд шинээр ашиглалтад орох гүүр нь “дэлхийн цууралт” гэгддэг алдарт Хуажян хавцлыг гатлах юм. Улмаар бүх төрлийн тээврийн хэрэгслүүдэд зорьсон газраа хүндрэлгүй, богино хугацаанд хүрэх боломж олгоно.
Өнөөдрийн байдлаар автомашинууд Хуажян хавцлыг гатлахад хоёр цаг орчим хугацаа зарцуулж байгаа бол гүүр ашиглалтад орсноор энэ хугацаа нэг минут болж, огцом богиносох юм. Шинээр ашиглалтад орох гүүр нийт 2890 м урттай бөгөөд бүтээн байгуулалт нь 2022 онд эхэлжээ. Гүүрний татлагууд нь нийт 22 мянган тонн жинтэй ба энэ нь гурван Эйфелийн цамхагтай тэнцэх хэмжээний хүнд аж.