Өнөөдөр 23:00 цагаас эхлэн Монелийн замыг хааж шинэчилнэ

АНУ оюутны болон солилцооны визийн хүчинтэй хугацааг 4 жилээр хязгаарлажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа гадаадын оюутнууд болон сэтгүүлчдийг АНУ-д урт хугацаагаар оршин суухаас сэргийлэх үүднээс оюутны F виз, солилцооны хөтөлбөрийн J виз, хэвлэл мэдээллийн I визийн үйлчлэх хүчинтэй хугацааг 4 жилээр хязгаарлажээ.
Түүнээс гадна F болон J визтэй иргэд АНУ-д очсон хойноо хөтөлбөр, их дээд сургууль, коллежоо солих боломжгүй болж байгаа аж. Ирэх 9-р сараас хэрэгжиж эхлэх энэхүү журам нь гадаадын иргэд АНУ-ын цагаачлалын тогтолцоог ашиглан Америкт урт хугацаагаар оршин суудаг байдалтай тэмцэх, тогтмол хяналт шалгалтын тусламжтай үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой болохыг Дотоодын Аюулгүй байдлын яам онцолжээ.
АНУ-ын F-1, J-1 визтэй иргэд АНУ-д сургуулиа төгсөж, боловсролын зэргээ авах хүртлээ байх эрхтэй байсан бол шинэ журмын дагуу гадаадын оюутнуудын АНУ-д байх хугацаа 4 жил, сэтгүүлчдийнх 240 хоногоор хязгаарлагдаж байгаа аж. АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын сайд Марквейн Маллин, “АНУ-д оюутны болон солилцооны визээр ирсэн гадаадын олон мянган оюутнууд хэдэн арван жилийн турш манай улсын цагаачлалын тогтолцоог ашиглан дахин их дээд сургуульд элсэх, хөтөлбөрөө солих гэх зэргээр АНУ-д удаан хугацаагаар оршин суусаар ирсэн.” гэжээ. АНУ-д бакалавраар суралцахад 4 жил байдаг бол магистр, доктороор суралцаж буй оюутнуудад судалгаа шинжилгээ хийж, түүнийгээ хамгаалж, нийтлүүлэхэд 4-өөс дээш жилийн хугацаа шаардагддаг бөгөөд АНУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын дийлэнх нь магистр, докторын сургуульд сурдаг аж.
Түүнчлэн визийн шинэ журмаар гадаадын оюутнууд сургуулиа төгссөн даруйдаа 30 хоногийн дотор АНУ-аас гарах ёстой болж байгаа аж.









