
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зарим улс орнуудын импортын бараанд оногдуулсан татварын нэмэгдлээ 90 хоногийн хугацаатайгаар түр зогсоож буйгаа Truth Social нийгмийн сүлжээндээ бичжээ. Энэ хугацаанд Вашингтон тухайн орнуудын импортын бараанаас 10 хувийн татвар авах аж.
Нөгөө талаас Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын импортын барааны татварыг 104 хувиас 125 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ба уг шийдвэр нь тэр даруй хэрэгжиж эхэлнэ гэжээ.
Тэрээр Бээжин олон улсын зах зээлүүдэд хүндэтгэлгүй хандсан хэмээн үзэж байгаа аж. Чухам ямар улс орнуудын импортын татварын нэмэгдлүүд 90 хоногийн хугацаатай зогсож байгаа талаар Ерөнхийлөгч Д.Трамп тодорхой мэдээлэл өгөөгүй ч тэдгээр нь АНУ-тай худалдааны хэлэлцээ хийж эхэлсэн мөн АНУ-ын эсрэг ямар нэг үзэл бодол илэрхийлээгүй улс орнууд гэдгийг онцолжээ. Түүний мэдэгдсэнээр дэдхийн 75 гаруй улс АНУ-тай хэлэлцээ хийж эхэлсэн аж. Өнгөрсөн 7 хоногт Д.Трамп АНУ-тай худалдаа хийдэг улс орнуудын импортын барааны татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ба тэрээр өнгөрсөн хэдэн арван жилүүдийн турш Вашингтон бусад улс орнуудад татварын хөнгөлөлт үзүүлж ирсэн ч тэдгээр улс орнууд нь хариуд нь АНУ-ын бараанд асар өндөр татвар тогтоож ирсэн болохыг онцолжээ.
Д.Трампын татварын нэмэгдлийн хариуд зарим улс орнууд тэр дундаа Бээжин АНУ-ын импортын барааны татварыг мөн адил нэмэгдүүлсэн юм. Бээжин АНУ-ын импортын барааны татварын хэмжээг 84 хувь болтол нэмэгдүүлсэн бол Европын холбоо АНУ-ын тамхи, мотоцикл, шувууны мах, ган болон хөнгөн цагаан зэрэг нэр бүхий бараа бүтээгдээхүүний татварыг 10-25 хувиар нэмэгдүүлсэн юм.