
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа. Хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд ажиллаж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, дотоодын болон импортын жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл байгаа эсэхэд лабораторийн шинжилгээ хийжээ.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн мэргэжилтнүүд “Дархан” захын хүнсний лангуунаас төмс, манжин, ногоон чинжүү, слив жимснээс 10 төрлийн дээж авч импортын хоёр, дотоодын хоёр хүнсний ногоонд шинжилгээ хийхэд импортоор оруулж ирсэн ногоон чинжүүнээс пестицидийн үлдэгдэл илэрсэн байна.
Дархан-Уул аймагт хоёр зах, гурван томоохон худалдааны төв байдаг бөгөөд 800 гаруй худалдаачин хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын байцаагчид лангуун дээр зарж байгаа махнаас дээж авч, мах махан бүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгахад, түргэвчилсэн шижилгээгээр ноцтой зөрчил илрээгүй байна. Түүнчлэн иргэд мах махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа гарал үүслийн гэрчилгээг тогтмол шаглаж, QR код уншуулан, худалдан авч буй мах нь аль аймгийн ямар сумын хэн гэдэг малчнаас ирсэн болохыг мэдэх боломжтойг Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд анхаарууллаа.
Хяналт шалгалтаар Стандарт, хэмжил зүйн газраас худалдаачдын жин хэмжүүр, хэмжих хэрэгслүүдийн баталгаажуулалт, бүрэн бүтэн байдал зэрэгт шалгалт хийхэд ноцтой зөрчил илрээгүй байна. Хүнсний худалдаа эрхлэгчид жин хэмжүүрийн төрлөөсөө шалтгаалан 6 сар эсвэл 1-2 жил тутам жин хэмжүүрээ стандартад нийцсэн эсэхийг хянуулж, баталгаажуулах шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан сануулж зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.