
Бээжин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрийн хариуд Америкийн импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт 34 хувийн татвар оногдуулах шийдвэрээ цуцлахгүй бол Вашингтон Хятадын импортын барааны татварыг дахин 50 хувиар нэмэгдүүлнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүрдүүлжээ.
Нийгмийн сүлжээнд бичсэн постондоо АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Бээжин ирэх мягмар гараг гэхэд АНУ-ын импортын бараанд оногдуулсан татвараа цуцлахгүй бол Вашингтон Хятадын импортын бараанд нэмэлт 50 хувийн татвар ноогдуулна” хэмээн бичсэн бол хариуд нь АНУ дахь БНХАУ-ын элчин сайдын яам Вашингтоныг “эдийн засгийн дээрэлхэлтэнд” буруутгаж, Бээжин хууль ёсны эрх ашгаа хамгаалах болно гэжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын импортын бараанд нэмж 50 хувийн татвар тогтоовол Бээжин АНУ руу экспортолж бараа бүтээгдэхүүндээ нийт 104 хувийн татвар төлөх болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын худалдааны дайн улам хурцдах төлөвтэй байна. Д.Трамп Бээжин түүний анхааруулгыг үл харгалзан хариу татвар тогтоолоо хэмээн үзэж байгаа аж. Хятад улсын хувьд АНУ нь экспортынх нь гол зах зээлүүдийн нэг юм. Бээжин АНУ-д цахилгаан бараа, машин техник, компьютер, тавилга, тоглоом зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолдог бол Вашингтон БНХАУ руу үр тариа, тослог ургамлын үр, онгоц, машин техник, эм тариа голчлон экспортолдог аж.