
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар, Агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрээр, “Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Нийслэлийн 200 мянган айл өрх өнөөдрийн байдлаар хатуу түлш хэрэглэж байгаа. Үүнээс гадна 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим уурын зуух өнөөдрийн агаарын бохирдлыг үүсгэж байна. Мөн бүртгэлтэй 800 мянга гаруй машинаас, 500 мянга нь замын хөдөлгөөнд оролцож байна. Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь нүүрс түлж байгаа 200 мянга гаруй айл өрх.
Тиймээс 2025-2026 оны өвлийн саруудад 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ айл өрхүүдийн дулаалгыг стандартад нийцүүлэх, хатуу түлшнээс сайн дураараа татгалзсан өрхүүдэд хийн түлшний зуух байрлуулж, 100 мянган төгрөгийн татаас олгоно” гэв.