
Михаил Ходорковскийн “Досье” төв ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бие хамгаалагчдын тухай мэдээлэл бэлтгэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд үнэнчээр зүтгэж, түүнийг амиараа хамгаалахад бэлэн түүний бие хамгаалагчид В.Путиныг хаа ч явсан дагаж явах ба коронавирусний цар тахлын үеэр Оросын төрийн тэргүүн эдлэндээ өөрийгөө тусгаарласан үед ч түүний хажуугаас холдоогүй аж. Тэд В.Путинээс гадна түүний хүүхдүүдийн аюулгүй байдлыг ч мөн хангадаг байна.
Ерөнхийлөгч В. Путины бие хамгаалагчид нь Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албанд харьяалагдах хэдий ч ОХУ-ын Хамгаалалтын албаны тусгай салаа гэж тооцогддог аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаныхан олны анхааралд өртөхөөс зайлсхийж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгдөггүй ч “Досье” төвийнхөн 2021 онд тус албаны 30 жилийн ойн арга хэмжээнд зориулж бүтээсэн баримтат киног олж, судалсан байна.
Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаныхан В.Путины хажууд 24 цагийн турш байдаг ба “Досье” төвийн сэтгүүлчдийн судалснаар 2024 оны турш ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины оролцсон бүх арга хэмжээ болон айлчлалд дагаж явсан 33 бие хамгаалагч байгаа аж.
ТҮҮНИЙ БИЕ ХАМГААЛАГЧ БОЛОХЫН ТУЛД…
“Досье” төвийн сэтгүүлчид В.Путины бие хамгаалагчдын дундаж нас нь 36 нас бөгөөд тэд голчлон Москва хотын ойролцоох жижиг хотуудаас гаралтай хүмүүс байгааг тогтоожээ. Бие бялдрын хувьд бүгд өндөр биетэй байгаа нь Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албанаас зайлшгүй тавьдаг шаардлага бөгөөд ихэнх нь Орёл хот дахь ОХУ-ын Хамгаалалтын албаны академийг дүүргэжээ.
Ерөнхийлөгч В. Путины бие хамгаалагчаар ажилд орох хүсэлтэй Хамгаалалтын албаны албан хаагчид ажлын ярилцлагад орж, полиграфын шинжилгээ өгч, сэтгэл зүйчтэй уулзах зэрэг шат дамжлагыг дамждаг байна.
Бие хамгаалагчид нь түүнийг байнга дагаж явахаас гадна В. Путины бие хамгаалагчид Сочи болон Симферополь хотууд руу хамгийн их зорчиж, Москва-Петербург чиглэлийн экспресс галт тэргээр хамгийн ихээр үйлчлүүлсэн байна. Ерөнхийлөгч В. Путины бие хамгаалагчид экспресс галт тэргээр Москвагаас Петербург хүрэх замд байдаг Валдай хотын ойролцоох Ерөнхийлөгчийн эдлэн рүү хүрдэг ба Ерөнхийлөгчийн нэр бүхий 3 бие хамгаалагч Алина Кабаева болон хүүхдүүдийнх аюулгүй байдлыг тогтмол хангадаг болохыг тогтоожээ.
Ерөнхийлөгч В.Путиныг айлчлалын үеэр дагаж явдаг бие хамгаалагчид хоёр багт хуваагддаг ба айлчлал болох байршил руу нэг баг нь урьдчилж очдог бол нөгөө нь Ерөнхийлөгчийн хамт очдог байна. Хамгаалалтын алба нь ерөнхийлөгчийн зорчих бүх тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангадаг ба В. Путин онгоцоор зорчих үед түүний онгоцыг байлдааны онгоцнууд дагалддаг аж.
АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ТҮҮНИЙГ 100 ХҮН ДАГАЖ ЯВДАГ
В.Путиныг айлчлал хийх үеэр дагалдаж явдаг хамгаалалтын албаны ажилтнуудын тоог нарийн хэлэх боломжгүй ч ойролцоогоор 100 хүн дагаж явдаг гэсэн тооцоо гарчээ.
2018 онд Ерөнхийлөгч В.Путин түүний хоолыг хийдэг тогооч нар нь цэргийн цол зэрэгтэй хүмүүс байдаг талаар дурдаж байсан билээ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны 30 жилийн ойн баримтат кинонд В.Путины тогооч болон зөөгчөөр ажиллах хүмүүсээс галт зэвсэг ашиглах чадвартай байх, тулааны урлаг эзэмшсэн байх, тактикийн бэлтгэлтэй байх зэрэг шаардлагуудыг тавьдаг болох нь мөн В.Путины тогооч нар чөлөөт цагаараа буудлагын болон тулааны бэлтгэл хийдэг тухай гардаг байна.
Тогооч нараас бээлийтэй ажиллах, дүрэмт хувцсаа өдөрт хэд хэдэн удаа солих, гаран дээрээ ил шархгүй байхыг шаардах ба бүх хоол хүнс нь маш нарийн хяналт шалгалтаар ордог байна. Ерөнхийлөгч В.Путин өөрийн барьсан загас эсвэл агнасан амьтнаа идэхийг хүсвэл аюулгүй байдлын албаныхан тусгай эмч болон явуулын лаборатори дуудаж, тухайн хүнсийг шинжлүүлж, ямар нэг хор байгаа эсэх, хар тугалганы хэмжээ нь хэвийн хэмжээнээс их байгаа эсэх, гэдэсний өвчин үүсгэгч нян байгаа эсэх зэргийг шалгуулдаг ба ямар ч хоол хүнс хяналт шалгалтгүйгээр ерөнхийлөгчийн ширээн дээр тавигддаггүй аж.
ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН ТҮРГЭН ХООЛ ИДДЭГГҮЙ
Түүнчлэн Ерөнхийлөгч В.Путин түргэн хоол иддэггүй, оройн цагаар мах идэхээс зайлсхийдэг тухай дээрх баримтат кинонд дурдагджээ. Түүний дуртай хоол нь хаштай зууш, оливье салат, зэрлэг амьтдын элэг аж. Ерөнхийлөгч В. Путин энгийн цай уудаггүй ба албан ёсны арга хэмжээний үеэр түүнд нохойн хошуу болон цагаан гаатай цай бэлдэж өгдөг аж.
“Досье” төвийн сэтгүүлчид Ерөнхийлөгчийн бие хамгаалагчдад дээш ахин дэвших өргөн боломжууд нээгддэг болохыг онцолжээ. Зарим нь Ерөнхийлөгчийн хувийн туслагч хүртэл болдог аж. Жишээ нь В. Путины бие хамгаалагчаар 1999 оноос ажиллаж байсан Алексей Дюмин нь 2016 онд Тульск мужийн амбан захирагчаар томилогдож, 2024 онд В. Путины туслах, ОХУ-ын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогджээ.
Түүнээс гадна 2016 онд ОХУ-ын Үндэсний гвардийн командлагчаар томилогдсон Виктор Золотов, Ярославын амбан захирагч асан Дмитрий Миронов, Астраханий амбан захирагчийн үүргийг гүйцэтгэгч асан Сергей Морозов, Иргэний хамгаалалт, онц байдлын сайд асан Евгений Зиничев нар нь бүгд дээрх албан тушаалуудад томилогдохоосоо өмнө Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албанд ажиллаж байсан болохыг онцолжээ.
Валдай дахь В. Путины эдлэн газрын аюулгүй байдлыг хариуцсан албан хаагчдаас Александр Колпаков 2014 оноос Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож, Валерий Пикалев нь 2019 онд Петербургийн амбан захирагчийн орлогчоор томилогдож, 2024 оноос ОХУ-ын Гаалийн албыг тэргүүлж байгаа аж.