
Цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын тоног төхөөрөмжүүдийг хурааж, үүрийн 05:00 цаг хүртэл байцаасан гэх асуудал олны бухимдлыг төрүүлээд байна. Бид Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболдоос асуудлын талаар тодрууллаа. Тэрээр түр саатуулах ажиллагаа прокурорын зөвшөөрөлтэй байсныг хэлж, Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэдэг үндэслэлээр саатуулсан гэх асуудлыг үгүйсгэлээ. Харин яг ямар үндэслэлээр саатуулсан талаар прокурор, цагдаагийн байгууллага аль аль нь мэдээлэхгүй байна.
-Ноорог.мн сайтынхныг түр саатуулсан асуудал олны анхаарлыг татаад байна. Үүр цайтал, ажлын бус цагаар өмгөөлөгчгүй байцаалт явуулж болдог юм уу?
-Үзлэг хийсэн ажил нь прокурорын зөвшөөрөлтэй болохоор хойшлуулшгүйгээр, ажлын бус цагаар хийх нь хууль зөрчихгүй гэж албаны дарга нар тайлбарлаж байна. Хойшлуулшгүй тохиолдолд байцаалт явуулж болно. Гэхдээ яг хойшлуулшгүй тохиолдол гэж үзэх үү гэдгийг хяналт шалгалтаар тодорхой болгоно.
-Яг хэдэн хүнийг байцаасан юм бэ?
-Ноорог.мн сайтын нэг хүнийг байцаасан.
-Ямар ажлыг нь үндэсний эв нэгдлийг бусниулсан гээд байгаа юм бол?
-Тийм зүйл байхгүй. Энэ бол худлаа мэдээлэл.
УЕПГ: БАРИВЧЛАХ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ТАТГАЛЗСАН
Харин УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас баривчлах зөвшөөрөл өгөөгүй гэв. Тодруулбал өчигдөр цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтынхныг баривчлах санал ирүүлсэн байна. Гэвч УЕПГ-аас баривчлах саналыг хүлээж аваагүй буюу татгалзсан хариу өгсөн гэлээ.
Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагаас тодорхой хэргийн шалгалтын явцад зохион байгуулсан ажлын явцад түр саатуулсан” гэсэн юм.
НООРОГ.МН САЙТЫНХАН ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН УУ
Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллага, прокурорын газарт мэдэгдэж, ажлын бус цагаар байцаалт авч болох талаар хуульч Б.Тамир тайлбарлаж байна. Ингээд байцаалт авснаас 24 цагийн дотор хойшлуулшгүй тохиолдолд байцаалт авсан гэдгээ прокурорын байгууллагад батлах хуулийн зохицуулалттай байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар, “хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг илтгэнэ гэжээ.
Ноорог.мн сайтын гүйцэтгэх захирал О.Уламсайхан ярихдаа, “Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар баривчилсан гэж байгаа нь биднийг айлгах ажиллагаа л гэж харж байна.
Баримтат киноны тухайд, олон нийтийн санхүүжилтээр боссон. Ноорог бол залуу ажилтнуудтай, шинэ, жижигхэн байгууллага. Сонгууль бол мэдээж чухал шүү дээ. Энэ үед “Ноорог”-ийн сонголт юу байсан гэхээр, зургаан өөр бүсэд, зургаан энгийн хүнийг дагасан. Тухайн хүмүүст сонгуулийн ухуулагчид хэрхэн хандсан, сонгогчийн боловсрол хэр байна гэх зэрэг сонгуулийн процесс хэрхэн өрнөдгийг баримтаар үзүүлэх гэсэн юм. Монголд сонгууль яаж болдгийг хэдүүлээ харъя л даа. Энэ дунд 18 настай хүүхэд ч бий. 60 нас гарсан малчин ч бий. Сонгууль ингэж болдог гэдгийг хараат бусаар хэлэхийг зорьсон гэсэн үг. Ингэж байж дараагийн сонгогчдод мэдлэг болох юм болов уу гэж бодсон.
Манай оффисоос юу юу хураасныг нь мэдэхгүй. Бидэнд хэлээгүй. Очиж бүртгэж л авна. Гар утсанд байсан хувийн мэдээллийг хууль бусаар үзсэн. Ямар ч өмгөөлөгчгүй байх үед кодыг нь асуугаад л “ухсан”. Биднийг бүтээл хийдэг хүмүүс гэж хандаагүй. Хоорондоо ярихыг хориглосон. Та нар дохио зангаар ярьж чадна биз дээ гэх мэтээр харьцсан.
Манайх шиг цөөн хүнтэй, 20 гаруй насны залуус нэгдсэн байгууллага тролл баг ажиллуулаад том бүтцийн эсрэг зогсох боломжгүй. Биднийг айлгах янз бүрийн мэдээлэл гарах байх. Тэр бүхэнд шүүлтүүртэй хандаасай гэж хүсье” гэв.
Харин түүний өмгөөлөгчид ярихдаа, “Хэрэг гэхээс илүү иргэнээс ирсэн гомдлын дагуу саатуулсан. Одоогоор хэрэг бүртгэл үүсээгүй. Гомдлын дагуу шалгагдаж байгаа учраас зүйлчлэл тодорхойгүй” гэсэн юм.