
Бичлэгийг энд дарж үзнэ үү.
Нямдаваагийн Оюундарь МУБИС-ийн оюутан. Өнгөрсөн оны аравдугаар сард найз залуугаа цэргийн албанд мордуулсан. Ийнхүү тэрбээр Зэвсэгт хүчний 015-р ангид хугацаат цэргийн алба хааж буй найз залуу Ш.Ганбаяртaa гэнэтийн бэлэг барьж, Монгол цэргийн энэ өдөр уулзахаар ирээд буй нь энэ.
Тэрбээр “Хол зай гэдэг ярилцаж ойлголцоход нэн төвөгтэй зүйл. “Маргааш очиж ярилцахгүй бол болохгүй юм байна” гэх бодол сэтгэл давхцах үедээ төлөвлөсөн ажлууд, гэрийн даалгавар, хичээлээ зохицуулаад, хайр дээрээ “гүйгээд” л ирдэг дээ. Тэгээд л дотор хурсан хамаг юмаа уудалж яриад, буцахад санаа сэтгэл тайвшраад цэлмэчихдэг.
Хайрыгаа цэргийн албанд явахынх нь өмнө би их муухай аашилдаг байсан юм билээ. Тэрийгээ цэрэгт явсных нь дараа л ойлгосон. Яах гэж муухай хандсан юм болоо гэж өөрийгөө “зэмлэсэн”. Хайргүй юм шиг аашилдаг ч хайртай, маш их” хэмээв.
Харин Ш.Ганбаяр найз охиныхоо талаар “Цэрэгт явахынхаа өмнө найз охиноо нэг гомдоочихсон. “Битгий цэрэгт яв. Хавар явчих” гээд гуйгаад байхаар нь зөрсөөр байгаад явчихсан юм. Тангаргийн баяраар аав, ээжтэйгээ, найз охинтойгоо уулзах их гоё байсан. Цугласан олны хүний дундаас хайртай тэр минь тодорч харагдаад л…
Найз охиныхоо зургийг үргэлж баруун энгэрийнхээ халаасанд авч явдаг. Санана гэдэг их хэцүү. Тэр минь юу хийж байгаа бол гэж бодох үедээ зургийг нь гаргаж ирээд харах дуртай. Аравдугаар сард халагдаж очоод, найз охинтойгоо хамт Дорнод руу явж, өвөө, эмээдээ очно оо” гэв.
Цэргийн ангийнх нь найзад хэдхэн хоногийн өмнө уулзалтаар ирсэн нэгэн нь “Зөвхөн хайр”-ыг авчирч өгчээ. Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн энэ шүлгийн түүврээс өөрт хамгийн их таалагдсан нэгэн шүлгийг найз охин Н.Оюундарьдаа зориулан дуудсан юм.
Гэрлэх-Гэрэлтэх
Зөвхөн чамтай
Амьсгалаа хуваалцах!
Зөвхөн чамтай
Өдөр шөнийг хуваалцах!
Зөвхөн чамтай
Амьдрах, үхэхийг хуваалцах!
Өнө мөнхийн юм шиг
Өвгөн эмгэн хоёр үс бүрээ цайж дуустал
Өөд өөдөөсөө харан харсаар
Өөр өөрсдийгөө нэг нэгнээсээ ялгаж чадахааргүй болтлоо
Өнөд хамт байсан юм шиг
Амьдрах-Үхэх!
Үхлээ ч учирна даа гэж бодсоор үхэх…!
Зөвхөн чамтай
Амьсгалаа хуваалцах…!
Зөвхөн чамтай
Өдөр шөнийг хуваалцах…!
Зөвхөн чамтай
Амьдрах, үхэхийг хуваалцах…!
Ш.Ганбаяр “Хайртыгаа уурлуулж, гомдоож байсан бол уучлаарай. Тэгээд авч сууна аа л гэж хэлье дээ. Заавал авч сууна аа” хэмээн инээмсэглэв.
Н.Оюундарь “Хайртай залуу минь халагдахад наймхан сар үлджээ. Хичээл номоо сайн хийгээд хайртыгаа хүлээж байх болохоор цэргийн албаа нэр төртэй хаагаад, сайн байж байгаарай. Санаад байвал ирээд уулзаад байх болно оо” хэмээв.
Цэргийн алба Ш.Ганбаярт ямар хувь чанаруудыг өгч буйг ярилцлагын төгсгөлд ийнхүү онцоллоо.
“Өмнө нь ор сайн хурааж чаддаггүй, гутал ч бараг тосолж чаддаггүй байсан. Юм оёж ч үзээгүй л хүн ирсэн. Харин энд ирээд юм оёж, ор, дэр хурааж, гутал тосолж сурсан. Хамт олонтой байхыг ч суралцаж байна.
Цэргийн алба тэвчээртэй, хүлээцтэй хүн байхыг зааж байна. Бас үг ч дааж сурч байна.
Энд ирэхийнхээ өмнө эх орон гэдгийг тал нутаг гэж л боддог байв. Харин цэрэгт ирээд газар унасан ширхэг тамхины ишийг аваад хаяхыг эх оронч үйлдэл гэж ойлгодог болсон. Нэг ч гэсэн хогийг хогийн сав руу аваад л хаяж л байвал…”