
Нийслэлийн шатахуун түгээх станц бүрд урт дараалал үүсэж, зарим жолооч шөнөжин хонон дугаарлаж, өглөө ажилдаа явахын оронд шатахуун авахын төлөө хэдэн цагийг зарцуулах болов.
Хүмүүс нэгэндээ нийтийн тээврээр зорчих, алхах, цахилгаан скүүтер ашиглах зэрэг зөвлөмж өгөх нь ажиглагдаж буй ч энэ нь хүн бүрд хэрэгжих боломжтой шийдэл биш. Ажил, гэрийн хоорондын зай хол, нийтийн тээврийн хүртээмж хүрэлцээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд автомашин бол зайлшгүй хэрэгцээ юм.
Өдөр бүр автомашинаар ажлаа амжуулдаг жолооч, хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчид, таксины жолооч нарын орлого тасалдаж, зарим иргэн ажлаасаа чөлөө авч шатахууны дараалалд зогсож байгаа бол, нөгөө хэсэг нь хэдэн арван километр зам туулан шатахуунтай гэх станцыг хайж явсаар бүтэн өдрөө алдаж буй нь хэвийн үзэгдэл болж буй энэ үед орон нутгаас нийслэлд ажил, эмчилгээ, сургалт болон бусад шаардлагаар ирэх ёстой иргэд шатахуунгүйгээс аяллаа хойшлуулах, эсвэл бүр ирж чадахгүй байх нөхцөл үүсжээ.
Үүнтэй зэрэгцэн шатахууныг өндөр үнээр дамлан худалдаалах оролдлого цахим орчинд нэмэгдэж, хомсдолоос ашиг олох гэсэн хүмүүс ч гарч ирсэн байна.
Шатахуунд дараалах нь жил бүр заримдаа улирал тутам тохиолдох нь бий. Харин энэ үеүдэд шатахууны хомсдол үүсээгүй, тасалдуулахгүй эсвэл автобусаар зорч гэхээс өөр шийдэл байгаа эсэхэд иргэд эргэлзэж буйгаа илэрхийлсээр байгаа юм







