
Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн сургуулиудын орчныг сайжруулах зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын явцыг танилцуулж, төрөлжсөн ахлах сургуулиудыг зохион байгуулалтын хувьд бүрэн бэлтгэснийг мэдээлэв. Энэ хичээлийн жилд эхний ээлжид 164 бүлгийн 5612 сурагчийг төрөлжсөн ахлах сургуульд суралцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Мөн нийслэлд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог үе шаттай хэрэгжүүлснээр нэг ангид 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгээс 971 бүлгийн ачааллыг бууруулах боломж бүрдэх бөгөөд үлдсэн 118 бүлгийн асуудлыг дараагийн шатанд шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоонд эхний ээлжид 14,848 сурагчийг хамруулах бөгөөд цаашид хүчин чадлаа нэмэгдүүлснээр дахин 7300 хүүхдийг элсүүлэх боломжтойг онцоллоо.
Шуурхай хуралдааны үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан хөдөө орон нутагт баригдсан ч бүрэн ашиглагдахгүй байгаа ариун цэврийн байгууламжуудыг хүүхэд бүр тогтмол, аюулгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд анхан шатны нэгжүүд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг үүрэг болгожээ.
Ингэснээр боловсролын салбарт сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, анги дүүргэлтийг бууруулах, суралцах орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэхээр ажиллаж байгааг шуурхай хуралдаанаар онцолсон байна.







