
Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайны өөрчлөлтийг харуулдаг арван төрлийн төхөөрөмжүүдийг өнөөдөр /2025.03.13/ дүүргүүдэд хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн мэдээлэл өгөхдөө “Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байна. Энэ хэрэгт холбогдогчдын 91.2 хувийг 13-35 насныхан эзэлж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын санд сөргөөр нөлөөлж, томоохон эрсдэл үүсгэж байна.
Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс дэвшилтэт технологи ашиглах зорилгоор нийслэлийн долоон дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайны өөрчлөлтийг таниулах 10 өөр төрлийн төхөөрөмжийг гардуулан өгч байна.
Энэ төхөөрөмжийг ашиглан дүүргийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийг таниулах чиглэлээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаа болон боловсролын байгууллага хамтран ажиллана” хэмээлээ.