
Прагийн зүрхэнд, Вацлавын талбайн дээд хойморт сүндэрлэх Чехийн Үндэсний музей бол түүх, урлаг, шинжлэх ухааныг хослуулсан сүр жавхлант хөшөө мэт барилга билээ. 1885-1891 оны хооронд нэрт архитектор Йозеф Шульцын зураг төслөөр сүндэрлэсэн энэхүү гайхамшигт байгууламж нь нео-Ренессанс хэв маягийн сонгодог жишээ бөгөөд гоёмсог фасад, сүрлэг багана, ур хийц бүхий баримал, дээд танхимууд нь Европын соёлын өвийг илтгэнэ. Барилгын нүүрэн хэсэгт Чехийн түүх, соёлын бэлгэдэл болсон баримлууд байрлах бөгөөд дотор нь хөл тавимагц шилэн таазтай, уран зураг, хээ угалзаар чимэглэсэн өндөр танхим угтдаг.
Гэвч энэхүү барилга түүхийн салхинд олонтаа өртөж байв. 1945 онд Дэлхийн II дайны үеэр Америкийн бөмбөгдөлтөөс болж музейн зарим хэсэг гэмтэж, 1968 онд Зөвлөлтийн танкууд Прагийн хавар бослогыг дарах үед музейн фасад руу суман бороо асган, өнөө хэр нь сорвитой үлдсэн байдаг.
Харин 2011-2019 онд өргөн хүрээний сэргээн засварлалт хийж, анхны архитектурын хэв маягийг хадгалахын зэрэгцээ шинэ үзэсгэлэнгийн танхимууд, мультимедиа танилцуулгуудыг нэмж, орчин үеийн музейн стандартад нийцүүлжээ. Өнөөдөр Чехийн Үндэсний музей нь зөвхөн өнгөрсөн цагийн дурсгал хадгалах ордон төдийгүй, судалгаа шинжилгээ, боловсрол, соёлын олон талт үйл ажиллагаа явуулдаг Европын томоохон соёлын төвүүдийн нэг болжээ.
Энэ л нэр хүндтэй өргөөнд Монголын эзэнт гүрний алдар сууг илтгэх “Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлт болж, хүн төрөлхтний түүхийн хуудаснаа шинэ мөр татууллаа. Барилгын нүүрэн хэсгийн дээд талд Их эзэн хаан Чингисийн хөрөг, эрх чөлөөнийхөө төлөө өнөөдөр эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж буй Украйн улсын далбаатай зэрэгцэн мандаж буй нь содон харагдана. Энэ бол түүхэн хүчирхэг Монголын өв соёл өнөө цагийн үнэ цэнтэй үйл явдалтай зэрэгцэн оршихын бэлгэдэл мэт санагдана.
Түүхийн уртад Америк, Орос зэрэг их гүрнүүд музейг эвдэн сүйтгэж байсан бол өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрийг залгамжилсан Монголын Үндэсний музей барууны ертөнцийн оюун санааг гэрэлтүүлэхээр ийнхүү хүрэлцэн иржээ.
Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор зохион байгуулагдаж, хоёр улсын төрийн тэргүүнүүд нээлтийн ёслолд биечлэн оролцов. 2025 оны 3-р сарын 10-наас 6-р сарын 22-ныг хүртэл олон нийтэд дэлгэгдэх энэхүү үзэсгэлэнд “Чингис хаан” Үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс түүвэрлэн авсан 698 хосгүй үнэт үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Эдгээр үзмэрүүд нь Чингис хааны агуу өв, Монголын эзэнт гүрний хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөө, нүүдэлчин соёл иргэншлийн гайхамшгийг өгүүлнэ.
Энэхүү үзэсгэлэн нь Прага хотод Монголын бие даасан соёлын өвийг дэлгэн харуулсан анхны томоохон үзэсгэлэн гэдгээрээ онцгой бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны шинэ үүдийг нээж байна. Түүхийг өөр өнцгөөс харуулах, Монголын соёлын өвийг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх энэ үйл явдалд оролцох завшаан тохиосон бид нээлтийн өмнөх өдөр үзэсгэлэнгийн танхимд, “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулууны богинохон тайлбарын агшин бүрт түүхийн жимээр аялан, өнгөрсөн цагийн сүр жавхланг нүдээр үзэж, зүрх сэтгэлээрээ мэдрэх шиг болсон билээ.
Ц.Чимэддондог. Прага хот
Бичлэгийн хэв маяг нь ямар гоё юм бэ?
Сайхан бүхний дээдийг хүсье.