
Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг эмчилж байсан ажилчдыг шүүх хурал Буэнос Айрес хотноо эхэлжээ.
Д. Марадона 2020 оны 11-р сарын 25-нд зүрхний шигдээсийн улмаас 60 насандаа таалал төгссөн юм. Тэрээр нас барахаасаа 20 хоногийн өмнө тархины мэс засалд орсон байжээ.
Прокурорууд Д. Марадонагийн эмчилгээг хариуцаж байсан эмнэлгийн ажилчид хайхрамжгүй байдал гаргасны улмаас Д. Марадона нас барсан хэмээн буруутгаж байгаа аж. Яллагдагчийн талаас Д. Марадона эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ үргэлжлүүлэх ёстой байсан ч татгалзсан хэмээн мэдүүлжээ. Шүүхээс буруутай нь тогтоогдвол тэдгээр ажилчдад 8-25 хүртэлх жилийн хорих ял оноох аж.
Прокурорууд Марадонагийн эмчилгээг хариуцсан ажилчдын хэн нь ч авах ёстой арга хэмжээг аваагүй гэдгийг нотлох баримтыг танилцуулахаа мэдэгджээ. Прокурор Патрисио Феррари, “Өнөөдөр Диего Марадона, түүний хүүхдүүд, хамаатан саднууд болон ойр дотныхон, Аргентины ард иргэдийн хувьд шударга ёс тогтох ёстой.” хэмээн онцолжээ.
Мөрдөгчид яллагдагчид Д. Марадонагийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан хэрнээ түүнийг аврахын тулд шаардлагатай арга хэмжээг аваагүй хэмээн үзэж байгаа ба уг хэргийн яллагдагчдаар мэдрэлийн мэс заслын эмч, сэтгэл засалч эмч, сэтгэл зүйч, эрүүл мэндийн зохицуулагч, сувилахуйн арга зүйч, эмч болон шөнийн ээлжинд байсан сувилагчийг татжээ. Д. Марадонаг сахиж хоносон шөнийн ээлжийн сувилагч Д. Марадонагийн биеийн байдал муудаж буйг илтгэх шинж тэмдгүүд илэрсэнийг анзаарсан ч түүнийг сэрээхгүй байх эмчийн зөвлөмжийг дагасан гэжээ.